Гамшгийн эрсдэлийг буруулахад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зөвлөмж гаргахаар боллоо

DSC1266.jpg

     Шинжлэх ухааны ажилтны  өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын  уялдаа холбоо” эрдэм шинжилгээний  бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

    Хуралд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, МУЗН, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн,  Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн,  ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, олон улсын болон хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцон гамшгийн эрсдэлийг бууруулахад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэн чухал салбаруудын гамшгийн эрсдэлийг бууруулах боломжийн чиглэлээр санал, зөвлөмжөө тусгасан илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

  Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнэж Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар холбогдох  байгууллагуудад хандан зөвлөмж  гаргахаар боллоо.

   Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг болох Сэндайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн үндэсний ба орон нутгийн түвшинд дэвшүүлсэн “Шинжлэх ухаан-бодлогыг уялдуулж, гамшгийн эрсдэлийн менежментийн оновчтой шийдвэр гаргахад шинжлэх ухаан, технологийн байгууллагууд бодлого боловсруулагчид болон бусад холбогдох талуудын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, сайжруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгыг хангахад томоохон дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top