Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                  

  Өнөөдөр:   Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 13-18 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн,  Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 8-13 м/с, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын  2 дугаар багийн “Цайдамын хөндий” гэдэг газар Малчин Б-ийн 25х17 хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 12:54 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 38 км зам туулан 13:25 цагт очиж, 3 цаг 53 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд  Иргэн Л-ийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 02:09 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 02:17 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Л /52 настай, эрэгтэй/, Э /52 настай, эмэгтэй/ нар угаартсан байсныг гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны Иргэн О-ийн  башингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 05:22 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 05:25 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр

Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Булагтай” гэдэг газар /Дархан-Уул аймгийн Дархан сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 15:05 цагт  хүлээн авсан.  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад:  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дулааны шугамын худагт  эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 22:36 цагт  хүлээн авсан.   Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 23:00 цагт /нэр, хаяг тодорхойгүй 50 орчим настай, эмэгтэй/ хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
scroll to top