Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Завхан аймгийн нутгаар цас орсон.  Нийт нутгаар 15-35 м/с хүртэл шороон болон цасан шуурга шуурсан. 

   Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус байна.

   Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27, 29-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

   Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  Баян багийн Цахарт гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Малчин Ц-ийн бууц шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 07:53 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 08:30  цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

   Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн 1 гудамжинд иргэн Э-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 10:25 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 10:29 цагт очиж, 8х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

   Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хангамжийн 4 дүгээр гудамжинд  иргэн У-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 12:41 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:49 цагт очиж, 3х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

   Нийслэлийн Багануур дүүрэг 3 дугаар хорооны Замчны 4 дүгээр гудамжинд Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 13:41 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:46 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 20 дугаар гудамжинд Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 16:15 цагт очиж,  5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

   Дархан-Уул аймгийн Дархан 2 дугаар багийн Ширээ нурууны 12 дугаар гудамжинд Иргэн Ц-ын задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 16:41 цагт очиж, 14 портер автомашин задгай өвс, 2.5 тн тэжээл шатаж байсныг 4 цаг 20 минут ажиллаж, унтраасан. Нэмэлтээр тус ангийн 20 алба хаагч, 2 автомашинтай ажилласан.

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжинд Иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 18:41 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

 Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд Иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 19:26 цагт  хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 19:31 цагт очиж 3х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /65 настай, эр/ гал түймэрт өртөж нас барсан байсныг цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл: 

  Хүчтэй салхи, шуурга: Увс аймгийн Улаангом сум Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт 11.24-25-ны өдрүүдэд  34 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс урд зүгт 5 км-т/  ОХУ-аас ирж байгаа 120 кВ-ын 3 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 110 км-т/ 120 кВ-ын 9 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унасан, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан тухай мэдээллийг 11.25-ны өдрийн 10:37 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас хүлээн авсан.Хүчтэй салхины улмаас тус аймгийн Өмнөговь сум /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 110 км-т/, Түргэн сумын /сумын төвөөс урд зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т/  чиглэлд ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унаснаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна. 11.26-ны өдрийн 02:26 цагт Улаанбаатар хотоос Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээний 10 ажилтан, 2 автомашинтай Шуурхай ажлын хэсэг 220 кВ-н 3 ширхэг тулгуур, 2 ком траверс тээвэрлэн Увс аймгийн чиглэлд 11.26-ны өдрийн 02:00 цагт хөдөлгөөн үйлдсэн. Улаангом сумын “Дулааны 1, 2 станц”-ыг зөөврийн эх үүсвэрээс, Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч сум болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь сумын Дулааны станцуудыг Дөргөний Усан цахилгаан станцаас цахилгаанаар хангаж байна. Мөн 11.25-ны өдөр Баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Баян-Өлгий аймгийн 3 суманд 5 гэр , Говь-Алтай аймгийн 4 суманд 100 гэр, Увс аймгийн 10 суманд 75 гэр, 36 байшингийн дээвэр, 117 хашаа, 12 ширхэг цахилгааны тулгуур багана,  Ховд аймгийн 8 суманд 29 гэр, 4 байшингийн дээвэр, 84 хашаа, нийт 4 аймгийн 25 суманд 211 гэр, 205 хашаа нурсан, 63 айлын байшингийн дээврийн төмөр хуурларч унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Цаг агаарын гамшигт үзэгдлийн нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны А/59 дүгээр тушаалаар орон нутгийн автозамын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас 26-ны өдрийн 11:00 цаг хүртэл түр хаасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

   Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 2 дугаар хэсгийн задгай Иргэн М /24 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 11.25-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 1 хүн, нийт 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  мөн өдрийн 14:34 цагт  сумын төвөөс зүүн зүгт 13 км-т “Мэргэний-Ар ” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

  Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн “Модон хөшөө” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин Ө /44 настай,эрэгтэй/ 11.25-ны өдрийн 09:00 цагт малаа хариулж яваад сураггүй болсон. Мөн өдрийн 15:00 цагт Ө-ийн 2 хүүхэд нь гэрийн ойролцоогоос тугалаа тууж ирэхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг Сагсай сумын Засаг дарга С.Хонаев 11.25-ны өдрийн 20:00 цагт  аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 8 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 5 ажилтан, 1 автомашин, нийт 13 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 2 хүүхдийг мөн өдрийн 22:30 цагт гэрээсээ баруун зүгт 3 км-т, малчин Ө-г 11.26-ны өдрийн 05:00 цагт тус сумын “Модон хөшөө” гэдэг газраас /гэрээсээ зүүн урд зүгт 5 км-т/ эсэн мэнд байхад нь тус тус олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 Бусад:Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн ‘Хустайн-Ам’ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т/ тус сумын харьяат малчин О-ын 900 толгой бог мал 11.25-ны өдрийн 02:00 цагт шороон шуурганд уруудаж сураггүй болсон тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 11:09 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2 иргэн, 1 автомашин, 9 хүн, 2 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт тус сумын “Мөст булаг” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 11 км-т/-аас малыг бүрэн олж малчин О-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
scroll to top