Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 30-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас, 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 29-нд зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын Өвөр хоолойгоор 12-14 м/с, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Хангал өртөө”-нд /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 05:18 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 61 км зам туулан 07:20 цагт очиж, 3 цаг 32 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Гүнт”-ийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 14:08 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 13 км зам туулан 14:22 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4,5 км зам туулан 16:49 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтайгаар 14 км зам туулан 20:50 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Хүчтэй салхи, шуурга: Увс аймгийн Улаангом сум Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт 11.24-25-ны өдрүүдэд 34 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс урд зүгт 5 км-т/ ОХУ-аас ирж байгаа 120 кВ-ын 3 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 110 км-т/ 120 кВ-ын 9 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унасан, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан тухай мэдээллийг 11.25-ны өдрийн 10:37 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас хүлээн авсан. Хүчтэй салхины улмаас тус аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унаснаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй сэргээн босгохоор ажиллаж Улаангом сумын “Дулааны 1, 2 станц”-ыг зөөврийн эх үүсвэрээс, Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч сум болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь сумын Дулааны станцуудыг Дөргөний Усан цахилгаан станцаас цахилгаанаар хангаж байна. 11.27-ны өдрийн байдлаар ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн 11 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж, Увс аймгийн Улаангом сум-Өмнөговь сум чиглэлд унасан 110 кВ-ын 9 тулгуур төмөр баганаас 8 тулгуур баганыг түр холбосон бөгөөд Тариалан сумын Хөхөө багийн “Хархираа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ унасан 1 төмөр баганыг 20:28 цагт угсарч босгон, 21:25 цаг, 21:41 цагуудад “Өмнөговь дэд станц”-аас хүчдэл өгсөн боловч агаарын шугамын хамгаалалтаар тасарсан тул шугамын гэмтлийг тогтоохоор “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ХХК-ийн 12 хүн, 3 автомашинтай 23:30 цагаас эхлэн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотоос Эрчим хүчний яамны 3, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн 2 хүн, нийт 5 хүн онгоцоор 17:30 цагт Увс аймагт очиж, “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ХХК-ийн 12 хүн, 2 автомашин, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 12 хүн, 2 автомашин, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 68 хүн, 16 автомашинтай тус тус ажиллаж, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар унасан 220 кВ-ын 3 төмөр баганын трассыг цэвэрлэн, 3 баганыг угсарч байна. Мөн өдрийн 02:00 цагт Улаанбаатар хотоос “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн 10 хүн, 220 кВ-н 3 ширхэг тулгуур, 2 ком траверсийг ачааны автомашинаар тээвэрлэн 21:10 цагт Увс аймгийн Улаангом суманд очоод байна. 21:00 цагийн байдлаар С-458 агаарын шугамын 3 тулгуурын засварын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй. Мянгад-Өмнөговь чиглэлийн 110 кВ-н агаарын шугамыг 17:03 цагт, Өмнөговь Баян-Өлгий чиглэлийн 110 кВ-н агаарын шугамыг 17:15 цагт тус тус засварлаж аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Шар булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Нийслэлийн Багануур дүүргийн харьяат иргэн Ч “Прадо” загварын автомашинтай, 7 зорчигчтой /5 том хүн, 2 хүүхэд/ 11.25-ны өдрийн 14:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 09:11 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийнх нь 6 хүн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад, 11:30 цагт төөрсөн иргэд айлд эсэн мэнд ирсэн тухай мэдээллийг хүлээн авч ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР