ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.
Тэгвэл Булган аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Булган аймгийн Онцгой байдлын газрын түүхийг харуулсан зургийн цомог, үе үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл, цуглуулга, гар урлал, амжилт, алдарыг танилцуулсан бүтээлүүд дэлгэгдээд байна. Харахад энгийн нэг фото зураг, баярын бичиг, хувцас хэрэглэл байх боловч үзэсгэлэнд тавигдсан бүтээл бүхэнд тус газрын он цагийн хэлхээс буюу түүх агуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Тухайлбал, 1938 онд Гал эсэргүүцэх анги байгуулагдаж, анх томилогдож байсан алба хаагчийн тушаал, “Маршалын тушаал-111” зэрэг тушаалууд нь тухайн үеийн албан бичиг, тушаалын загварыг хадгалан үлджээ. Мөн үзэсгэлэнд тус газрын алба хаагч Х.Чинзоригийн бүтээсэн ОБЕГ-ын удирдлагуудын хөрөг зургийн хайчилбар ихээхэн сонирхол татаж байсан юм.
Аймгийн Онцгой байдлын газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 276-р тогтоолоор, “Гал команд”, Засгийн Газрын 1991 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх алба болсон түүхтэй. Улмаар аймгийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 08-ны 214 дүгээр захирамжаар Гал түймэртэй тэмцэх албыг хэлтэс болгон өргөжүүлж, 2004 оны 51дүгээр тогтоолоор тус хэлтсийг Гамшгаас хамгаалах штаб, Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын хэлтэс, 2009 оноос Онцгой байдлын газар болгон бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжсөн түүхтэй.
Булган аймгийн Онцгой байдлын газар өдгөө Гал түймэр унтраах аврах 20, 50 дугаар анги, эрэн хайх, аврах салбар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, нөөцийн хоёр цэгтэй нийт 120 алба хаагчтайгаар Булган аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.