Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар цас орж, салхи 20-30 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.