ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодисын ослын үеийн менежментийг боловсронгуй болгох, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх” сургалт, дадлагыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.
Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан тус сургалт, дадлагад ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЭМЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ДЭМБ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ, ГЕГ, НЭМҮТ, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ, ЭМГ, МХГ-ын нийт 60 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Гэрчилгээг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нар гардуулан өгч, амжилт хүслээ.
Сургалт, дадлагаар оролцогчид уурхай, уулын үйлдвэрлэлд ашиглагддаг химийн хорт бодисын тээвэрлэлт, хадгалалт, ашиглалттай холбоотой хууль, дүрэм, стандарт, журам, аюулгүй ажиллагааны талаар онолын мэдлэгээ дээшлүүлэхээс гадна химийн хорт бодистой холбогдолтой ослын нөхцөл байдал үүссэн үед аврах, хор уршгийг арилгах үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.
Энэхүү сургалт, дадлага нь уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа химийн хорт бодисын эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэж, цаашдын үйл ажиллагааны талаар санал, зөвлөмж боловсруулахаараа онцлогтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.