Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос 5-10 м/с, 21-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Витз” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 10:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:03 цагт очиж, автомашины хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Мааньзав багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 12:32 цагт очиж, 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сүх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 14:09 цагт очиж, 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 22:35 цагт очиж, 18х16 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 23:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 23:23 цагт очиж, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн 3 алба хаагч, Нутгийн захиргааны байгууллагын 5 ажилтан, Улсын тусгай хамгаалалттай газрын 35 ажилтан, ар гэрийн 10 хүн, нийт 68 хүн, 13 автомашинтайгаар 12.04-ний өдөр “Эг”-ийн голын эргээс 20 метрт мөр тасарсан газраас /У-100009’09.9”, Ө-50025’43.4”/ голынхоо хаялга дагуу нийт 35 цооног гаргаж, 2 удаагийн шумбалт хийж, Хатгал тосгоноос зүүн урд зүгт “Ма толгой” гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:40 цагт түр зогсоосон. 12.05-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. “Эг” голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top