Онцгой байдлын ерөнхий газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргасан юм.
Энэхүү номыг өнөөдөр “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдсэн тус номонд гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин, шинэчлэл, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, галын аюулгүй байдал, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний ажил болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дах төсөв, хөрөнгө оруулалтын талаарх танилцуулга зэргийг багтаасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ