Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Швейцарийн холбооны улсын “Целсиус про компани”-ийн гүйцэтгэх захирал Марк Руеег болон “Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК”-ийн албаны төлөөлийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Швейцарийн “Целсиус Про” компани нь “Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК”-тай хамтран газар хөдлөлтийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцууллаа. “Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК” нь төр, хувийн хэвшлийн оролцоог хангах зорилгоор малын индексжүүлсэн даатгал, нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалын бүтээгдэхүүн, газар тариалангийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн даатгалын бүтээгдэхүүн болон бусад хэлбэрийн даатгалд давхар даатгалын үйлчилгээг үзүүлдэг байна.
Харин хошууч генерал Т.Бадрал, “Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлд “Гамшгийн эрсдэл хуваалцах даатгал”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг-т “Гамшгийн эрсдэлийг шилжүүлэх болон хуваалцах механизм, арга хэрэгслийг бий болгох, сайжруулах”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйлийн 2.5-д “Аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн эрсдлийн үнэлгээ хийлгэх, холбогдох даатгалд хамрагдах” зэрэг эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдэд гамшгийн эрсдэлийн даатгалыг хөгжүүлэх тухай тус тус заагдсан байдаг. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарч гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр өгөөжтэй хүргэх талаар анхаарч ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Талууд цаашид энэ чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.