Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 4-9 метр, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 08:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 2 км замыг туулан 08:23 цагт очиж,  6х12 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 16:57 цагт очиж, 10х7  хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж  байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 45 км замыг туулан 21:08 цагт очиж, 11х7 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 6х5 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэр дээр орон нутгийн 75 хүн, 5 машин, 10 мотоциклтой ажилласан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:13 цагт очиж, 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан-Овоо багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн эзэмшлийн “Шаланз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 02:35 цагт хүлээн авч Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 75 км замыг туулан 04:25 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Замын Цагдаагийн постны урд талд, автозамын зорчих хэсэгт /сумын төвөөс зүүн урд зүгт 1 км-т/ Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Л-ийн эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарынгол сумын чиглэлд зорчиж явсан “БСОД” ХХК-ийн эзэмшлийн 41-41 ДАР улсын дугаартай “Коунти” загварын дунд оврын автобустай /14 зорчигчтой/ мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.23-ны өдрийн 15:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 15:32 цагт очиж, “Приус-20” загварын суудлын автомашины хаалга нь гацаж, дотор нь иргэн Ж /42 настай, эмэгтэй/ бэртэж, хөдлөх боломжгүй байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн “Баруун сарвах” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 53 км-т/ тус сумын харьяат малчин О /24 настай, эрэгтэй/ 12.20-ны өдрийн 22:00 цагийн орчим малчин Х-гийнд /гэрээсээ зүүн зүгт 4 км-т/ очно гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болсон. 12.21-ний өдрийн 10:00 цагт унаж явсан морь нь малчин Г-гийн хотонд гүйж ирсэн тухай дуудлагыг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баттулга 12.22-ны өдрийн 20:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Нутгийн захиргааны байгууллагын 5 ажилтан, орон нутгийн 15 иргэн, нийт 30 хүн, 2 автомашин, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.23-ны өдрийн 10:55 цагт иргэн О-гийн цогцсыг тус сумын Баянмандал багийн “Бужиндаа” гэдэг газраас /гэрээс нь зүүн хойд зүгт 3 км-т/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top