Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас 2018 онд алба хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжиж, эрүүл ажлын байр бий болгох зорилтын хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллав.
Энэ ажлын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Онцгой байдлын газрын 130 гаруй алба хаагчийг долоон төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, дөрвөн төрлийн шинжилгээ оношлогоонд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 тоот тогтоолын дагуу “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ”-д нийт бие бүрэлдэхүүний 80 хувийг хамруулаад байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын А\96 дугаар тушаалын дагуу ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 35 алба хаагчийг сувиллын тусламж үйлчилгээ хийлгэлээ.
Эрүүл ажлын байр бүрдүүлэх зорилтын хүрээнд Онцгой байдлын газрын гадна талбайд дөрвөн төрлийн 3140 ширхэг мод тариалан, ногоон байгууламжийг бий болгоод байна.
Эдгээр ажил нь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөлбөрт Эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилтыг хангасан тул аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдэээллээ.