Аврагчдаас анхны гавьяат төрлөө

A0CC2859-532E-4F2D-8B00-68B802F15FBF.jpeg

  Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

  Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

  Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан  тав дах гавьяат  ажилтан буюу энгийн аврагчаас төрсөн анхны  залуу гавьяат болж байгаагаараа онцлог юм.

   Тэрээр Онцгой байдлын байгууллагад 13 дах жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2007 онд БНСУ-д “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны, 2009 онд ОХУ-д “Гүний шумбагч” бэлтгэх, 2012 онд Япон улсад “Газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад хамрагдаж, БНХАУ-д хаданд авиралтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.

   Улсын хэмжээнд тохиолддог ой, хээрийн түймэр, усны осол зэрэг бүх төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг шилдэг алба хаагчдын нэг юм. Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10тн  шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргасан, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцсон.

  Түүнчлэн 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон Африкийн Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж, Монгол Улсынхаа төдийгүй Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөн ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

scroll to top