Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

 Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 15-17 градус хүйтэн байна. 

Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

  Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Малчин”-ы 2 дугаар гудамжны 155/А тоотод оршин суух иргэн Б -гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 18:02 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын авто тээврийн товчооны “Сансар” худалдаа үйлчилгээний төвийн хажууд иргэн У-гийн эзэмшлийн “Анун” төвийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтайгаар 11 км зам туулан 05:04 цагт очин ажиллаж байна. Нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах  18 дугаар ангийн 12 алба хаагч, 4 автомашинтайгаар гаргасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

  Бусад: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Сайн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ малчин П-гийн гэрээс тус аймгийн харьяат иргэнТ /27 настай, эрэгтэй/ 12.27-ны өдрийн 02 цагийн орчим аймгийн төв орох гээд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.28-ны 18:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 26 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 12.30-ны өдөр Сайншанд сумын төв, Төмөр замын 35 дугаар зөрлөгийн зүүн талаар явганаар 7 км-т, “Үзүүр хайрхан”, “Ам хаяа”, “Булаг” гэдэг газруудаар машинтайгаар 120 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:35 цагт түр зогсоосон. 12.31-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Хясааны гарам” гэдэг газар иргэн А-гийн 65-91 УБМ улсын дугаартай “Хьюндай-Айсо” загварын бага оврын автобусны /23 зорчигчтой/ хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 14 км зам туулан 17:49 цагт очиж, 30 минут ажиллаж татан гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top