Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд говийн нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 05:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2 км зам туулан, 05:51 цагт очиж, 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 16:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан 17:09 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд барилгын материалын агуулахад эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 23:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 8 км зам туулан 23:23 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг /Сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус /45 зорчигчтой/ осолдсон тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 06:25 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн 2 ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 хүн, нийт 36 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уул хаднаас /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөрөг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ тус сумын харъяат малчин Д-гийн 100 гаруй ямаа хадан хавцалд боогдсон тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 08:45 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top