Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны хурлын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийг 2014 оны ахмадад ээлтэй төрийн түшээгээр тодруулж, шагнал гардууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн заалтыг үндэслэн 57 ахмад настныг рашаан сувилалд нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, эмчилгээний зардлын 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээс гадна хүнд өвчний учир эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа ахмад настануудад туслаж, 9 ахмад настаныг орон сууцтай болгон нийт 100 гаруй сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Монгол Улсын Онцгой байдлын албанд олон жил идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байсан доктор, профессор бэлтгэл хурандаа Пүрэвийн Дамдинд “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртээж, 80 настай Г.Махбариад, Ж.Амаржаргал, С.Жавзмаа нарын хөдөлмөрийн алдар тэмдэглэх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулсан юм.
Монгол Улсад Онцгой байдлын албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нийт 1717 ахмад настан үр хүүхэд, ач зээгийн хамт өнөр өтгөн ажиллаж амьдарч байна.