Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Ахмадын зөвлөл” 2018 оны шилдэг зөвлөлөөр шалгарлаа. Шагналыг Онцгой байдлын байгууллагын “Ахмадын холбоо”-ны тэргүүн, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар гардуулан өгсөн юм.
Ахмадын зөвлөл нь 2018 онд “Ахмадын сан”-д 7,7 сая төгрөгийг төвлөрүүлж, 9 ахмадыг “Итгэлт хамба-Байгаль нуур”-ын аялалд амраахын зэрэгцээ ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал болон Өвөрхангай аймгийн “Хужирт” рашаан сувилалд 12 ахмадыг сэргээн заслын эмчилгээ, үйлчилгээнд хамруулаад байна.
Мөн “Ахмадын зөвлөл”-ийн санаачлагаар байгууллагын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд 200 мод тарьж, ногоон байгууламжийг бий болгосон.
Түүнчлэн Онцгой байдлын газар болон орон, нутгийн онцлог, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үзэсгэлэнг ОБЕГ-ын “Албаны түүхэн музей”-д зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцсон юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.