Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бие бүрэлдэхүүний сургалт байдаг.
Тэгвэл Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.
Онцгой байдлын байгууллага 2019 оны сургуулийн жилд:
- Сургалт, бэлтгэлийн төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцох, сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцлийг тодорхойлсон стандартыг боловсруулж мөрдүүлэх,
- Анги, байгууллага бүр алба хаагчдыг хөгжүүлэх болон давтан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан, алба хаагчдын мэргэжлийн зэргийн бэлтгэлийг хангуулж, чадавхжуулах,
- Сургалтын бэлтгэлийг алба хаагчдад эх оронч үзэл, эерэг хандлага төлөвшүүлэх, бие бялдар-сэтгэлзүйн өв тэгш хүмүүжил олгоход чиглүүлэх гэсэн гурван зорилго дэвшүүлээд байгаа юм.
Энэ сургуулийн жилийн онцлог нь “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”, “2019 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.