Т. Удаахбаяр: Бусдын төлөө гэсэн чин сэтгэл хүнд баяр баясал, ажил амьдралын утга учрыг өгдөг

48376341_368723773862589_4965419417551765504_n.jpg

     Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр ажил үйлсээ дүгнэн, амжилт бүтээлээр манлайлсан шилдгүүдээ шалгаруулж, урамшуулдаг. Тэгвэл хуучин он хулжиж, шинэ он хаалга тогшиж буй баярын өдрүүдэд 2018 ондоо ажил бүтээлийн амжилтаараа бусдыгаа хошуучлан “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр шалгарсан НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаярыг урьж, ярилцлаа. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулья.

 – Юуны өмнө шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж “2017 оны шилдэг гал сөнөөгч”-өөр шалгарсанд баяр хүргэе?

    Баярлалаа. Улиран одож буй 2017 он минь шинэ бүхний эхлэл болж, ажиллах эрч хүч, урам зориг хайрласанд баяртай байна. Төрийнхөө сүлдийг тэргүүндээ залж, Онцгой алба хаагч хэмээх эрхэм үүргийг хүлээгээд 20 жил болжээ. Энэ хугацаанд ажилласан ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараа өндрөөр үнэлүүлж, шилдэг ажилтны нэгээр шалгарлаа. Эх орон, ард түмнийхээ эд хөрөнгө, амь насыг авран хамгаалах ажил хөдөлмөрийн минь үнэ цэнэ гэж ойлгож байгаа.

   -Ажлын гараагаа эхлүүлж байсан үе хамгийн сайханаас гадна томооохон “сонголт” байдаг. Анх ажилд орж байсан үе эргэн дурсвал?

   Тэгэлгүй яахав. Мөрөөдлөө биелүүлж, цэргийн хүн болох анхны гараа минь Хилийн цэргийн 0129 дугаар ангиас эхэлж байсан. Тус ангид дөрвөн жил харуулын дарга ахлагчаар ажиллаж байгаад 2005 оноос Онцгой байдлын байгууллагад орж байлаа. Энэ албаны ажлын эхлэл нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги юм. Харин Сонгино хайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангид 2009 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.

   -Энэ хугацаанд маш олон галын голомт дээр ажилласан нь ойлгомжтой. Хичнээн хүний амь насыг авран хамгаалав гэдгээ тооцож үзэж байв уу?

  Бөмбөгөр болон Цайз захын модны зах, долдугаар сарын 1-ний гал дээр ажиллаж байлаа. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийслэлийн томоохон дүүргийн нэгт тооцогддог. Гэр хороолол ихтэй учраас ахуйн гал түймрийн дуудлага бол тасардаггүй. Ер нь Онцгой байдлын байгууллагад гал сөнөөгчөөр үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийт 300 гаруй хүнийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Түүнээс гадна “Богд-Уул”, “Улиастайн” ой, хээрийн түймэрт 20 гаруй хоногоор ажиллаж байсан. Дуудлагын дагуу хүний амь нас, өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалж, галыг бүрэн гүйцэт унтраагаад буцах тэр мэдрэмж хэзээ ч давтагдашгүй сайхан шүү дээ.       

   Тэгвэл амаргүй ажил үүрэгтэй аврагч хүний ажлын онцлогийг тодорхойлбол юу гэж хэлэх вэ?  

     Өөрийн хүсэл сонирхлоор энэ албанд орсон учраас ажил, мэргэжилдээ эзэн болж ажиллахыг хичээдэг. Энэ их хичээл зүтгэлийн илрэл бол мэдээж гал сөнөөгч хэмээх мэргэжил минь. Бусдын сайн сайхны төлөө дүрэлзэн асах галын өөдөөс сөрж зогсдог учраас “Энэрэнгүй үйлстэнүүд” гэж бодож, мэргэжил нэгт нөхдөөрөө болон Онцгой байдлын байгууллагынхаа нийт алба хаагчдаараа үргэлж бахархаж явдаг даа.

 – Онцгойгийн алба хаагч гэдэг онцгой л байх ёстой биз?

  Тэгэлгүй яахав. Нэг үгээр илүү бол мянган үгээр илүү гэдэг шүү дээ. Тийм болохоор өөрөөсөө дүү байсан ч ахлах цолтой, олон жил ажилласан туршлагатай алба хаагчдаа хүндэлж, тэднээсээ суралцсаар л явна даа. Дуудлага бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой учраас гал сөнөөгчдийн хувьд байнгын бэлтгэл сургуулилттай байх ёстой. Тиймээс сурч боловсрох тал дээр өөрийгөө дайчилж ажилладаг. Гэхдээ энэ бүхний ард ар гэрийнхэндээ гаргах цаг зав минь багасдаг л юм. Гэлээ ч миний амьдралын, амжилтын минь баталгаа болохоор шантрах зүйл гардаггүй ээ.

    -Ар амьдралыг тань мэдээж хань ижил тань л зохицуулдаг байх. Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?

  Гэр бүлийнхэн маань цаг наргүй ажлыг минь ойлгож, үргэлж дэмжиж ирсний үр дүнд л өдий зэрэгтээ явна.  Эхнэрийг маань Ц.Зулцэцэг гэдэг. Хувиараа ажил эрхэлдэг байгаа. Хоёр том хүүхэд маань оюутан. Харин хоёр бага маань арван жилийн сурагч.  Бага хүү минь Онцгой байдлын албанд их сонирхолтой. Галын машин, хувцас хэрэглэлийг үзэж сонирхох дуртай. Өөрөө дурлаад Онцгойн  алба хаагч болбол дэмжинэ л гэж боддог. Гэхдээ хүн өөрийнхөө мөрөөдлөөр жигүүр хийж амьдрах нь амжилтад хүрдэг болохоор хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлөөд байдаггүй. Мэргэжлээ зөв сонгосон хүн амьдрах, ажиллах аргаа олно шүү дээ.

  -Шинэ он удахгүй гарах нь.  Танай гэр бүлийн хувьд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

   -Миний хувьд баярын өдрөөр ихэвчлэн ээлжтэй таардаг. Гэхдээ ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаад ажиллаж байгаа минь өөрөө баяр шүү дээ.  Сэтгэл уужим сайхан байдаг юм. Бусдын төлөө гэсэн чин сэтгэл хүнд баяр баясал, ажил амьдралын утга учрыг өгдөг.

-Баярлалаа. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалаар бялхам байхын ерөөөлийг өргөе?

  -Баярлалаа. Онцгой байдлын ерөнхий газар болон НОБГ-ын удирдлагууд, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн хамт олондоо удахгүй болох шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. Ажил үйлс нь сэтгэлчлэн бүтэж, амжилт бүтээл нь тэгш дүүрэн байх болтугай.  

  Нэг үгээр илүү бол мянган үгээр илүү гэдэг шүү дээ. Тийм болохоор өөрөөсөө дүү байсан ч ахлах цолтой, олон жил ажилласан туршлагатай алба хаагчдаа хүндэлж, тэднээсээ суралцсаар л явна даа.

Онцгой мэдээ сонин

scroll to top