Засгийн газрын тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах ангийг байгуулахаар болсон. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ энэ онд үйл ажиллагаагаа эхлүүлэх тус Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн барилга, байгууламжтай танилцлаа.
Тус ангийн барилгыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан бөгөөд дулааны улиралд хийгдэх засварын ажлууд хүлээгдэж байгаа аж. Уулзалтын үеэр засварын ажлыг аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, бүрэн дэмжиж ажиллахаа орон нутгийн удирдлагууд илэрхийллээ.
Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид ажиллах алба хаагчдыг орон нутгаас сонгон шалгаруулж, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуульд сургаж, бэлтгэжээ.
Мөн Говь-Алтай аймгийн Цогт суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах санал орон нутгаас ирсэний дагуу ажлын хэсгийнхэн нөхцөл байдлыг тодорхойлохоор тус суманд ажиллалаа. Цогт сум нь аймгийн төвөөс 200 орчим км алслагдсан. Алтай, Цээл, Халиун, Бигэр сумдын дунд оршдог байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.