Шуурхай албаны автомашин шийдвэрлэж өгөхөөр боллоо

50424880_295774957765244_4443806763417862144_n.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болоод Онцгой байдлын газруудын үйл ажиллагаатай танилцлаа.

Баян-Өлгий аймгийн хувьд Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 392,0 тн өвс, 127,6 тн тэжээлийг бэлтгэсэн.  Аймгийн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарсны улмаас Алтай, Алтанцөгц, Баяннуур, Булган, Дэлүүн, Толбо Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдад өвөлжилт хүндрээд  байгаа аж. Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал, Засгийн газрын тогтоолоор энэ оноос эхлэн Улсын нөөцөд өвс бэлтгэхгүй, зөвхөн тэжээл бэлтгэнэ. Өвсний нөөцөө аймаг орон нутаг бэлтгэхээр болж байга учраас 2019-2020 онд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар төлөвлөн хангах хэрэгтэйг анхаарууллаа.

Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Цэнгэл сумын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн сумын Эрэн хайх, аврах бүлгийн барилгын явцтай танилцаж, шуурхайн албанд ашиглагдах  автомашиныг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж буй Дэлүүн сумын Эрэн хайх, аврах бүлгийн байрыг орон, нутгийн зүгээс шийдвэрлэн, өмнө нь хүн эмнэлгийн эхчүүдийн амрах байрны зориулалтаар ашиглаж байсан байрт засвар хийж,  энэ онд багтаан үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна.   Дэлүүн сум нь  аймгийн Алтай, Толбо, Булган сумдуудтай, Ховд аймгийн Ховд, Дуут сумдууд болон баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг  томоохон сум юм.

Харин  Увс аймгийн хувьд аймгийн аюулгүйн нөөцөнд 40 тонн өвс, 87.5 тонн тэжээл, сумуудын аюулгүйн нөөцөнд 670,9 тонн өвс, 246,7 тонн тэжээлийг тус тус бэлтгээд байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй.  Цас ихтэй нутгуудаар мал бэлчээрлэхэд хүндрэлтэй, нутгийн баруун хэсгээр цас багатай ч  малын идэш тэжээл муу өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Харин Увс аймгийн Онцгой байдлын газар нь 2018 онд дэвшүүлсэн гурван  зорилтын хүрээнд хоёр  үндсэн зорилт, 104 хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэн ажилласан. Алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор “Ахлагчийн зөвлөл” -ийг байгуулахын зэрэгцээ алба сурталчлах түүхэн музейтэй болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.        

scroll to top