Гал сөнөөгчөөс эхлээд захирагч хүртэл дэвшин ажиллаж энэ албанд 20 жил зүтгэж яваа, ахмад Д.Эрхэмбаатар Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийг өнөөдөр удирддаг аж. Хийсэн бүтээсэн зүйлтэй, хийх бүтээх олон төлөвлөгөөтэй ангийн захирагчийн хувьд Дорноговь аймгийн Айраг сумын гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийг захирч байсан арвин туршлагатай хүн болохыг сурвалжлагын явцад олж мэдсэн юм. Ангийн босгоор алхаад хамгийн эхэнд зочилсон өрөө маань ангийн захирагчийн өрөө байжээ.
Улаанбаатараас-Сайншанд чиглэлийн галт тэрэг өглөөний 07:00 цагт буув. 10 минутын дараа би жижигхэн боловч эмх цэгцтэй өрөөнд хуучны фото зураг, үнэмлэх, жуух бичиг гээд энэ ангийн түүх архив болох нь тодорхой дүүрэн бичиг цаас хөглөрсөн ширээний ард суулаа. Ажлын цаг эхлэх болоогүй ч тэрбээр “Амрыг эрье” гэсээр орж ирсэнээр бид хоёр танилцсан юм. Өрөөн дотор бас нэгэн нарийхан хаалга байсанд хувцасны шүүгээ, агуулах болов уу гэж бодож байсан ч тэс өөр зориулалттай байсныг бидний ярилцлагаас хүлээн аваарай.
– Ойдоо бэлтгээд тун завгүй байгаа нь илт байна шүү. /Ширээн дээрх материал руу хандан хэлэв/
– Шууд ингээд ярилцлага эхэлчихэж байгаа хэрэг үү?
– Яг тийм.
– /Инээв/. Үнэхээр шаггүй ажил байна. Хийгээд байхад л барагдахгүй юм. Бид ирэх долоо хоногт Улаанбаатар хотод ОБЕГ-ын Албаны түүхэн музейд ойн арга хэмжээнийхээ хүрээнд албаа сурталчилсан үзэсгэлэн дэлгэнэ. Үзэсгэлэнд тавигдах түүхэн фото зураг материалаа сонгож байгаад орхисон нь энэ. Үзэсгэлэнд Дорноговь аймгийн түүх, дурсгалт газрууд, аймгийн 18 гайхамшиг болоод Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын хувцас хэрэглэл, амжилт, алдрыг танилцуулсан бүтээлийн дээжис дэлгэгдэх юм.
– Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг нэг талаас бахархалтай ажил ч түүнд зориулан бэлтгэл ажил хангана гэдэг хүнд даваа шүү. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
– Ойн бэлтгэл ажил үндсэндээ шувтарч байгаа ч жижиг гэлтгүй ажлууд гарч ирээд дуусахгүй л байна. Ангийн 50 жилийн ойг угтан бүтээлч ажлыг өрнүүлж ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс томилж ажлын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд алба сурталчлах, алба хаагч, ахмад настны нийгмийн хамгааллын, спорт, соёл урлагийн, алба хаагчдын идэвхи санаачлагыг өрнүүлэх, байгууллагын тохижилт, бүтээн байгуулалт гэсэн 5 чиглэлд 50 бүтээлч ажил, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. Тэдгээрээс дурдвал аймгийн музейд албаны булантай болсон. Ингэснээр зөвхөн албаны хэмжээнд бус орон нутгийн хэмжээнд албаны түүхийг ард иргэдэд сурталчлан таниулах боломж нэмэгдэж байгаа юм. Олон улсын ахмадын баяраар бэлтгэл офицер, ахлагч, ахмад ажилтан нарт хүндэтгэл үзүүлэх, ахмад, дунд, залуу үеийн ажлын туршлага солилцох, залуу үеэ сургаж хүмүүжүүлэх зорилгоор “Гурван үеийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан. Чуулга уулзалтаас “Залуу, дунд, ахмад үеийн төлөөллөөс Онцгой байдлын албаны залгамж чанарыг бэхжүүлэх, ахмад үеийнхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлье” уриалга гарч бэлтгэл офицер алба хаагчдын 100 хувийн саналаар баталж, цаашид уг уриалгыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж мөрдөж ажиллахаар болсон. Энэ мэт олон бүтээлч ажлуудыг бид хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээр нь алжаал ядаргаа тайлах саун душны өрөөг алба хаагчид өөрсдийн санаачилгаар хийж бүтээлээ. Хийхээр төлөвлөсөн олон ажил байгаагаас нэг жишээ татвал, “Аврагчийн төгөл” нэртэй амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг байгуулах юм. Энэ талбайд гал унтраах ажиллагаанд ашиглагдаж байсан Зил-130 автомашины хөшөөг сүндэрлүүлэхээр төлөвлөсөн гэх мэт нийт 50 ажлыг төлөвлөн, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна даа.
– Сайншанд сум хүн ам, өрхийн тоо хэд вэ. Үүнийг асуудаг нь аймаг орон нутгийн хэмжээнд ямар төрлийн аюул осол зонхилон тохиолддогийг сонирхох гэсэн юм?
– Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Сайншанд суманд обьектын түймэр ихэнх дуудлагыг эзэлж байна. Харин зуны цагт үер усны дуудлага их байдаг юм.
– Та өөрөө дуудлага, аврах ажиллагаанд явдаг уу?
– Явалгүй яахав. Галын дуудлага авлаа. Өлгүүрт бэлэн байгаа хувцсаа өмслөө, шууд энэ хаалгаар доошоо бууна /ярилцлагын эхэнд дурдсан нөгөө нарийхан хаалга/. Яг харалдаа дор граш байдаг юм. Тэгээд машиндаа суугаад дуудлагандаа явна. Ангийн захирагчийн хувьд ажиллагааны явцад гал унтраах арга зүй, бэлтгэл бэлэн байдал, хөдөлмөр аюулгүй байдлын талаар алба хаагчдаа зөв зохион байгуулж аль өнцгөөс гал унтраах бодис, усыг тавьж өгөх вэ, аль талаас нь хүчээ оруулах вэ гэдгийг, галын нөхцөл байдлаа тодорхойлно. Ингээд гал унтраахтай зэрэгцээд аврах ажиллагаа явагдана. Энэ бүхэнд ангийн захирагч явах үүрэгтэй.
– Таны ажилдаа ямар хариуцлагатай ханддагийг энэ хаалга харуулж байна аа. Бахархаж байна?
– Надаас өөр өрөөндөө лүүктэй ангийн захирагч байхгүй болов уу гэж бодоод байгаа. Гол нь цаг хугацаа хэмнэнэ, өрөөнөөс гараад коридороор явах, шатаар буух хугацааг л хэмнэх үүднээс ийм шийдэл гаргасан юм. Бид минутын ч хугацаа алдах эрхгүй.
– Хугацаа алдах гэснээс гал сөнөөгч хүний хувьд сэтгэлд үлдсэн мартагдашгүй хүнд аврах ажиллагаа хаана, хэзээ гарч байсан бэ?
– 1999 онд анх Дорнод аймагт гал сөнөөгчөөр ажилд орж байсан. Дорнод аймагт тал хээр, ой, хээрийн түймэр элбэг гардаг. Нэг удаа ой, хээрийн түймрийн дуудлагаар Баян-Уул суманд явлаа. Сар орчим хугацаанд ажилласан. Тэгэхэд манай аврагч, гал сөнөөгч, жолооч гээд бүрэлдэхүүн маань ой, хээрийн түймэр унтраахаар гараад явчихлаа. Миний хувьд дарга дээрээ ороод өөрийн саналаар явах зөвшөөрөл аваад явсан.
Нэг л зүйл огт мартагддаггүй юм. Тэр үед бид РЛО-гоо үүрээд 2-3 километрийн зайнд байгаа горхиноос ус аваад галын обьект буюу уулын орой хэсэг рүү мацна. Мацсан шалтгаан маань уулын орой дээр шатаж байгаа галыг маш хурдан унтраахгүй л бол зүүн тал руугаа тархах гээд байсан юм. Зүүн тал тэр чигтээ сумын иргэн, аж ахуйн нэгж бүхий байгууллагын мод бэлтгэлийн талбай байлаа. Энэ талбай руу орчих л юм бол дуусаа. Бид яагаад ч дийлэхээргүй нөхцөл байдалтай. Уулын орой ч өндөр, цаг агаар маш халуун, тийм л нөхцөл байдалд бидний нөхөд хором бүртэй уралдан мацаж байсан. Тэр үе л мартагддаггүй юм. Өөрөө гал сөнөөгчийн зовлон жаргалыг мэддэг болохоор хамт олон, залуустаа үнэхээр их хайртай. Тэднийхээ хүчээр л галын өөдөөс сөрж, аварч, тэмцэж явна даа.
– Мөр зэрэгцэн алба хааж 50 жилийн түүхтэй ангийн түүхийг үргэлжүүлэн бичиж яваа нөхөддөө хандаж сэтгэлээ нээгээч гэвэл та юу гэж хэлэх вэ?
– Дахиж олдохгүй цаг хугацааг ашигла. Хангалттай ашигла. Цаг баримтлах зарчмыг хамгийн сайн мөрдөх хэрэгтэй. Ганц хоёрхон минутын дотор хүн амьдарч ч болно, үхэж ч болно. Ингэхээр цаг хугацааг л үнэлэх хэрэгтэй. Аливаа зүйл эхлэлтэй, төгсгөлтэй. Хүн хэзээ ч эхэлсэн цэг, усны ундрагаа мартаж болохгүй. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн үе үеийн удирдлагууд, гал сөнөөгчид, жолооч гээд энэ албанд амь нас, албан цаг бүхнээ зориулсан алба хаагчид, тэдний гэр бүлд гүн талархал илэрхийлж үүсэн байгуулагдсан түүхт 50 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Миний бие эрэлхэг энэ албандаа энэ биеэ зориулна аа.
– Танд мөн ойн баярын мэндийг дэвшүүлье. Эргээд уулзахад их үйлийг бүтээсэн, түүх арвинтай уулзахын ерөөлийг өргөе.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин