Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Булган аймагт бага зэрэг цас орсон. Дорнод, Дорноговь, Увс аймагт явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 18-23 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с,14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 2-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч сулрах боловч 2, 3-нд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио багт   “Төгс баясгалант” хийдийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 11:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 11:08 цагт очиж 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 2.5х5.5 хэмжээтэй зооринд хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 11:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км зам туулан 11:29 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 18:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 18:51 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол: 

Автозамын осол: Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Хуурай-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ тээврийн хэрэгслийн осол болсон тухай дуудлагыг 01.29-ний өдрийн 09:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж  Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 45 хүний суудалтай 8 зорчигчтой “Даевоо” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, иргэн Б-гийн эзэмшлийн “Соната-6” загварын 5 зорчигчтой /2 том хүн, 3 хүүхэд/ суудлын автомашинтай мөргөлдөж Дорноговь аймгийн Айраг сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/, Д /25 настай, эмэгтэй/, М /4 настай, эмэгтэй/, Л /2 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, иргэн Б-гийн хүү М /10 сартай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 12 давхар байрны 6 дугаар давхрын тагтнаас согтуу эрэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 10:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж тус байрны 23 тоотод иргэн М /33 настай, эрэгтэй/ үсрэх гэж байсныг 10:39 цагт эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Бусад: Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Сэртгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, Тариалан сумын төвөөс Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн З-гийн эзэмшлийн 3 зорчигчтой “Гранд марк-2” загварын суудлын автомашин, Ч-гийн эзэмшлийн 4 зорчигчтой “Соната-6” загварын суудлын автомашин, Б-гийн эзэмшлийн 3 зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашиныг 04:55 цагт цаснаас татан гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top