Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг чадавхыг нэмэгдүүлэх, өрхийн бэлэн байдлыг хангах, ард иргэдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх онлайн сургалт явуулах, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор www.ontsgoisur.gov.mn цахим хуудсыг 2015 оноос хойш ажиллуулж байгаа билээ.
Тэгвэл гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж байгаа байгууллагуудын хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, иргэд, олон нийтэд сургалтын мэдээ, мэдээллийг нээлттэй цаг алдалгүй хүргэх зорилгоор тус цахим хуудсыг шинэчлэн сайжруулж “Цогц сургалтын нэгдсэн төлөвлөгөө 4W”-г байршуулаад байна.
Мөн цахим хуудсанд сургалт зохион байгуулсан байгууллагын мэргэжилтнүүдийн байршуулсан мэдээ, мэдээллээс гадна сургалт, сурталчилгаа хийсэн үзүүлэлтийн тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр нь графикаар хянах программ хангамжийг хийж гүйцэтгээд байгаа юм.
Тиймээс дээрх программ хангамжуудын талаар танилцуулга хийх, нэвтрэх эрх олгох, заавар чиглэл болон цахим хуудасны талаар нэгдсэн мэдээлэл өгөх зорилготой сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс болон гамшгийн чиглэлээр сургалт сурталчилгаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл танхимаар, орон нутгийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд цахимаар хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.