Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Увс аймагт бага зэргийн цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын  хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч, цасан шуурга шуурна. 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 3,4-нд говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 20:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 20:54 цагт очиж, иргэн З-гийн 5 ханатай гэр, иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Гаяа” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин хотхон”-ны баруун талын задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 01:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 01:26 цагт очиж, иргэн Н-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 03:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 03:34 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй гүний худгийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн зүүн урд талд дулааны шугам сүлжээний худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагч 02.01-ний өдрийн 16:41 цагт өгсөн. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 17:07 цагт очиж, 4 метрийн гүнтэй, 4х4 метрийн хэмжээтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос харьяалал, нэр, нас нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Тухайн иргэний харьяалал, нэр, насыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ Ховд сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Истана” загварын суудлын автомашин /том хүн 3, хүүхэд 2, нийт 5 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 02.02-ны өдрийн 00:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 80 км замыг туулан 02:00 цагт очиж, 12 минут ажиллаж татан гаргасан аюулгүй болгосон.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top