Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын нутгийн зарим газар болон Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 17-19 градус хүйтэн байна.

Төлөв: 11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13,14-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнж хэсгийн 9 дүгээр гудамжны 415 тоот Иргэн М-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 12:05 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:08 цагт очиж, 4х3 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн 1 дүгээр гудамжны 40 тоотод Иргэн А-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 15:47 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 25 км замыг туулан 16:09 цагт очиж, 23х16 метрийн хэмжээтэй байшинг халаадаг нам даралтын зуухны хана хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн “Хөх-Толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3.5 км-т/ Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 23:58 цагт очиж, 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Зүрх-Уулын 6 дугаар гудамжны 675/Г тоот Иргэн Б-ы байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 15:38 цагт  хүлээн авсан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:45 цагт очиж, 7х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 12 дугаар хорооны Жанжины гудамж, Оёдолчдын байр /12 айлын нийтийн орон сууц/-ны 2-4 тоот Иргэн Ж-ийн гал гарч байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 22:07 цагт очиж, тус тоотын 3х6 метрийн хэмжээтэй өрөө, 2-3 тоотод иргэн Д-ийн цонх, хаалга хэсэг шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ж /67 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

scroll to top