Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулна

52117883_2283573198597793_3424329634999697408_n_20190218125538.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

   Үүнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж  нар оролцсон юм.

 Нийслэлийн хэмжээнд 1990 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог.

  Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг  Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа  иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 40 гаруй аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

 Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top