Б.Ууганбаяр: Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил арав дахин нэмэгдсэн

52803045_469539440245430_5617923884385828864_n_20190218103434.jpg
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯРТАЙ ярилцлаа.
 
-Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний зорилго, үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
 -Энэхүү сургалтыг ОБЕГ, нийслэлийн ЗДТГ хамтран дөрөвдүгээр сарын 24-26-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна. Зохион байгуулалтын хувьд зарим шийдвэр гарчихсан, түүний дагуу ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг дарга нарын байгуулсан Үр дүнгийн гэрээнд энэхүү сургалтыг зохион байгуулах талаар тусгасан байдаг. Тиймээс нэг талдаа үр дүнгийн гэрээний биелэлтийг хангах зорилготой. Нөгөө талдаа сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил маш их нэмэгдсэн. Арван жилийн өмнөх нөхцөл байдлыг өнгөрсөн оныхтой харьцуулбал эрс нэмэгдсэн. Иймд нийгэм, эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед хариу арга хэмжээг зохион байгуулалттайгаар авах шаардлага практик талаасаа ч, байгалийн хүчин зүйл талаасаа ч бий болоод байна. Тиймээс гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгуулах гэж байна. Мөн байгаа зүйлийг байгаагаар нь тодорхойлох. Хэрэв, сургуулилтын үед хүндрэл бэрхшээл гарвал хэн нэгэнд хариуцлага тооцохыг урьтал болгохоос илүүтэй үнэнийг бодитойгоор тодорхойлох зорилготой юм.
 
-Нийслэлийн хэмжээнд албан ёсоор хэчнээн хагарлыг бүртгээд байна вэ?
 -Нийслэл хотыг тойроод томоохон нутаг дэвсгэрийн хэмжээнд их, бага зайнд зургаан том хагарал бий. Эдгээр нь тухайн хэсэгт өмнө нь газар хөдөлж түүнээс үүссэн ан цав юм. Уул хагарна гэдэг маш ноцтой. Тэнд дахин газар хөдлөх магадлалтай гэсэн дохио. АНУ-ын Сансар судлалын байгууллагаас Улаанбаатар хотын төв дундуур буюу зүүнээс баруун тийш ташуу чиглэлтэй хагарал байгааг нээж, илрүүлсэн. Хагарлын зургийг Одон орон, геофизикийн хүрээлэн олон улсын холбогдох шинжээчид судалж байгаа. Зүүн талаасаа баруун тийшээ чиглэсэн том хагарал бий болсноор үндсэндээ Улаанбаатар хотод долоон том хагарал бий болоод байна.
 
-Хотын төвийг дайрсан хагарал олны анхаарлыг нэлээд татаад байна. Хэдэн баллын газар хөдөлбөл аюултай байх бол?
 -Улаанбаатар хот газар хөдлөлтийн чичирхийллийн маш идэвхтэй бүсэд байрладаг. Жилд 30 гаруй мянган чичирхийлэл багаж болон хүнд мэдрэгдэж байна. Монгол Улсын хүн амын тал хувь, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтэц гэх бүх зүйл Улаанбаатар хотод төвлөрчихсөн учраас газар хөдөлбөл, Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх эрсдэл бий. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өнгөрсөн онд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхтэй бүсийг шинэчлэн тогтооход нэг баллаар нэмэгдсэн байна. Энэ нь улам идэвхжиж байна гэсэн үг. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжлийг арван жилийн өмнөх чичирхийллийн тоотой харьцуулахад арав дахин нэмэгдсэн байна. Иймд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ганц боломжит зүйл нь дадлага, сургуулилт хийх явдал юм. Хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, аюул осол тохиолдсон үед сургуулилтаар хэвшүүлсэн зүйлийг хийх нь чухал. Тэгэхгүйгээр дур зоргоороо өөрсдийн аюулгүй байдлыг хангана гэвэл асар их хохирол бий болгоно.
 
-Газар хөдөлж, аюул осол боллоо гэж бодоход нийслэлийн хэмжээн дэх аюулгүйн цэгт иргэд багтах уу. Аюулгүйн талбайг нэмэгдүүлэх боломж бий юү?
 -Нийслэлийн ИТХ-ын баталсан тогтоолоор Улаанбаатар хотод аюулгүйн 111 цэг, талбай байдаг. Эдгээр талбайд нийслэлчүүд багтах эсэх, асуудлыг энэхүү сургалтаар тодорхой болгоно. Хэрэв багтахгүй бол талбайг нэмэгдүүлэх, ашиглах боломжгүй байвал түүнд анхаарах гэх мэт зүйлийг тодорхой болгох юм. Ингэснээр нийслэлийн удирдлага, Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл, Монгол Улсын Шадар сайдад танилцуулах байдлаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогод асуудлыг тусгахгүй бол болохгүй. Хамгийн их анхаарал хандуулж буй зүйл бол газар хөдлөлтийн идэвхжил их байгаа явдал юм.
 
-Олон улсад сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын заалыг аюулгүй гэж үздэг юм билээ. Манай улсын хувьд ийм байж чадах уу?
 -Бид үүнийг аюулгүйн талбай гэж тооцоолдог ч үнэн хэрэгтээ тухайн сургуулиас хэдхэн метрийн зайд барьчихсан өндөр барилга нурахгүй гэх баталгаа байхгүй. Энэ тохиолдолд тухайн сургуулийг аюулгүйд тооцох боломжгүй. Харин олон улсад сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын заал хамгийн бат бөх, аюулгүй байдаг. Туршлага судалж байхад Туркэд энэ асуудлыг маш нарийн төлөвлөчихсөн байдаг юм билээ. Том хэмжээний газар хөдлөлт болж, олон мянган хүн амь насаа алдсан учраас тэд маш том сургамж авсан. Туркэд сургууль, цэцэрлэг, нийтийн орон сууцыг барьдаг барилгын компани маш цөөхөн юм билээ. Барих зөвшөөрөлтэй нь Засгийн газартайгаа гэрээтэй, барьсан барилгадаа олон жилийн баталгаа өгдөг. Сургуулийн хажуу талын усан бассейнаас цоргоор татаж, гал унтрааж болох байдлаар нарийн тооцоолж барьдаг. Японд ч мөн ялгаагүй.
 
-Манай улсын хувьд гамшиг аюулын үед цаг алдалгүй хариу арга хэмжээ авахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ? 
 -Гамшиг судлалын чиглэлээр эрдэмтэн судлаачдын гаргасан маш олон бүтээд, судалгаа байдаг. Тэдгээрээс үзэхэд гамшгийн үед байнга давтагдаж буй хүндрэл бэрхшээл бол зохицуулалтын асуудал. Олон байгууллагын үйл ажиллагааг зохицуулж, уялдаа холбоог бий болгоогүйгээс асуудал үүсч, цаг алдаж улмаар хохирол бий болж буйг эрдэмтэн судлаачид ажиглаж тогтоосон байна. Энэ асуудлыг тайван цагтаа шийдвэрлэж, системийн хувьд нэгдсэн ойлголттой болгохгүй бол маш их хүндрэл үүснэ.
 
-Хотын хэмжээнд зохион байгуулах сургуулилтын хүрээнд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?
 -Хэд хэдэн томоохон арга хэмжээг иргэдийн оролцоотой зохион байгуулна. Нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа төр, захиргааны байгууллагуудын бүх удирдлага болон яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагын төлөөллийг оролцуулан газар хөдөлсөн тохиолдолд хариу арга хэмжээг яаж зохион байгуулах, түүнийг хэрхэн төлөвлөсөн байдаг, ямар арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаар сургуулилт хийнэ. Тодруулбал, хийсвэрээр ийм хэмжээний газар хөдлөлт боллоо гэхэд нийслэлийн Засаг даргаас эхлээд бүх шатандаа ямар ажлыг шат дараатай хийх, түүнийг нь хэн хариуцдаг, хэрэгжүүлэх нөөц боломж байгаа болон төлөвлөгөөнд тусгасан зүйлийг бодитоор хэрэгжүүлж чадах эсэхийг ярилцах юм. Онцгой байдал, нийслэлийн удирдлага, мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэнд, дулаан, цахилгаан, төмөр зам, нисэх зэрэг олон байгууллага газар хөдөлсөн үед үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, аль нь мэргэжлийн хувьд голлох үүрэгтэй оролцох, аль нь дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг цогцоор ярилцах юм. Ингэснээр цаашид том аюул осол тохиолдсон үед хариу арга хэмжээ авахдаа сандрахгүй, асуудлыг нэг нэгэн рүүгээ түлхэхгүй бүх үйл ажиллагаа цэгцтэй байна. Энэ боломжийг л бүрдүүлэх гээд байгаа юм.
 
-Иргэд аюулгүйн цэгт очих сургуулилтыг хийх юм билээ. Гэхдээ амьдарч буй газарт нь хамгийн ойр аюулгүйн цэг хаана байгааг мэдэхгүй учраас хэрхэн, яаж очих вэ?
 -Газар хөдөлсөн тохиолдолд орон сууцнаас гарч, ямар замаар явж, аюулгүйн аль талбайд очих вэ гэдгээ хүн бүр мэддэг байх ёстой учраас энэ сургуулилтыг хийж байгаа юм. Үүнээс өмнө бид маршрутын зураглалыг гаргаж, өрх бүрт хүргүүлнэ. Улаанбаатар хотын орон сууцны бүх зураглалыг гаргана гэдэг маш том ажил. Тиймээс тухайн зураглалыг нэг удаа хэрэглээд хаях биш хадгалж, газар хөдөлсөн тохиолдолд түүнийгээ ашигладаг байх хэрэгтэй. Ийм байдлаар зохион байгуулалтыг олон нийтэд хэвшүүлэхгүй бол газар хөдөлсөн үед маш их хүндрэл гарна. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт зарлан мэдээллийн дохио дамжуулах дадлага хийдэг. Үүнд ихэвчлэн төр захиргаа, аж ахуйн нэгж байгууллагынхан оролццог. Орон сууцанд байгаа иргэдийн оролцоо бага учраас энэ удаагийн дадлага сургуулилтад бүх иргэнийг хамруулна. Үүнийг дөрөвдүгээр сарын 25-нд хагас өдрийн хугацаанд зохион байгуулна. Ингэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд автомашины хөдөлгөөнийг зогсооно. Үүргээ биелүүлж, сургуулилтад оролцоогүй иргэн, аж ахуй нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцно.
 
-Автомашины хөдөлгөөнийг аль хэсэгт хязгаарлах вэ?
 -Хэсэгчлэхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд мөн орон нутгаас хот руу орж ирэх хөдөлгөөнийг ч зогсооно. Жирийн буюу тайван цагт зам тээврийн осол гардаг. Тэгвэл газар хөдөлж, байшин барилга нурсан, гал түймэр гарч, энд тэндгүй хүмүүс сандралдаж, эмх замбараагүй байдал үүссэн үед автомашины хөдөлгөөнөөс болж ямар их хүндрэл үүсэх бол. Ер нь автомашинаар биш явганаар өөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Үүнтэй уялдуулж автомашины бүх хөдөлгөөнийг хязгаарлан дадлага сургуулилтыг хийх юм. Гэхдээ онцгой байдал, эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын автомашиныг хөдөлгөөнд оролцуулна.
 
-Нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх ажиллагаа, хээрийн эмнэлгүүдийг туршиж үзэх зэрэг сургуулилтыг хэрхэн зохион байгуулах вэ?
 -Орон сууцны барилга байгууламж нурчихсан, түүнд амьдрах боломжгүй болсон тохиолдолд иргэдийг гамшгийн голомтоос нүүлгэн шилжүүлдэг. Дараагийн нэг сургуулилт бол эрэн хайх ажиллагаа. Үүнийг онцгой байдлын алба бусад байгууллагатай хамтарч зохион байгуулна. Газар хөдөлсөн үед зөвхөн онцгой байдлын байгууллага үүрэг гүйцэтгэх ёстой мэтээр өрөөсгөл ойлгодог. Аюул осол тохиолдсон үед хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг. Учир нь, газар хөдөлсөн үед хавсарсан аюул тохиодог. Тухайлбал, гал гарах, усны шугам хоолой задрах, химийн хорт бодис дэлбэрэх гэх мэт. Тиймээс олон байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, цэгцтэй байдалд оруулахын тулд эрэн хайх, аврах дадлагыг дүүрэг бүрт хийнэ. Мөн Улаанбатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн томоохон эмнэлгүүдэд хээрийн эмнэлгийн туршилт хийлгэнэ. Газар хөдөлж, нэгдсэн эмнэлгүүд нурсан тохиолдолд тусламж үйлчилгээг хээрийн нөхцөлд үзүүлэх боломж байгаа эсэхийг үзэх юм. Боломжгүй байхыг үгүйсгэхгүй. Энэхүү сургалтын дараа маш том дүгнэлт, зөвлөмж гаргаж ажиллана гэсэн үг. Бидний чиг үүрэг бол иргэдийн аюулгүй байдлыг хангах явдал.
 
-Энэхүү сургуулилтад олон улсын байгууллагууд оролцох уу?
 -НҮБ-ын Суурин зохицуулагчийн ажлын албанд оролцуулах хүсэлтийг албан тоотоор хүргүүлнэ. Монгол Улсад том хэмжээний газар хөдлөлт болсон үед олон улсын байгууллагууд 11 чиглэлээр тусламж үзүүлэх чиг үүрэгтэй байдаг. Тухайлбал, цэвэр усаар хангах, түр орогнох байр гэх мэтээр тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байдаг. Үүнийг Улсыг гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй уялдуулж үзэх гэж байна.
 
 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн” сонин

scroll to top