Д.Оюун-Эрдэнэ
Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотой ОБЕГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяраас тодрууллаа.
-Өвөлдөө цас бага орсон, мөн хавартаа дулаахан байна гэж мэдээллээ. Нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ?
-Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр гурав, дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байна. Мөн 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Тиймээс энэ сарын 20-ны өдрөөс ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээний тухай Улсын Онцгой Комиссын албан даалгавар гарсан
-Ихэнх гарсан түймэр иргэдийн буруутай үйлдлээс болдог. Иргэд юунд анхаарах ёстой вэ?
-Ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна. Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсд зорчин явагсад автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих хэрэгтэй. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх шаардлагатай. Үүнээс гадна, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхааруулж байна.
-Өнгөрсөн жил ой хээрийн түймрээс болж хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ?
-Жил бүрийн хавар, намар буюу хуурайшилтын улиралд гал түймрийн нөхцөл байдал хүндэрч, улс орны нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Өнгөрсөн онд л гэхэд Улаанбаатар болон Архангай, Булган, Баянхонгор, Дархан, Дорнод зэрэг нийтдээ 13 аймгийн 48 суманд 77 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна. Түймрийн улмаас байгаль экологид 39.5 тэрбум төгрөний хохирол гарсан бол, гал түймэр унтраахад 250 сая төгргөний хохирол учирсан.
-Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд орон нутгийн удирдлагууд, газрын дарга нартай хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Хуурайшилтын улиралтай холбогдуулан Онцгой байдлын газарт мэргэжлийн байгууллагаас ирсэн санал дүгнэлтийг үндэслэн бие бүрэлдэхүүний бэлтгэл байдлыг хангахыг эртнээс зохион байгуулж байна. Мөн ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах чиглэл, үүрэг бүхий анги, техникийн байдлыг хангуулж, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх, хөдөлмөр аюулгүй байдал, гал түймрийн дуудлагаар гарч ажиллах үеийн бэлэн байдлыг хангах ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 22 буюу маргааш Булган аймгийн Онцгой байдлын газарт Хойд бүсийн Онцгой байдлын газрын дарга нарт үүсч болзошгүй нөхцөлд хэрхэн техник хэрэгслээ хуваарлаж ажиллах талаар уулзалтыг зохион байгуулна. Хойд бүс гэдэг нь Монгол орны хамгийн их ойн сан байдаг аймгууд.
-Гал унтраах техник, тоног төхөөрөмж хэр хангалттай байдаг уу?
-Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж шинэчлэлт улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч төдийлөн сайн биш. Гэсэн хэдий ч Онцгой байдлын байгууллага гадаад улс орнуудын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж, Польш Улс, манай улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрээр гал унтраах үндсэн зориулалтын 15 ширхэг авто машин худалдан авах ажиллагааг хийлээ. Эхний хагас жилд зарим машин нь ирэхээр болсон. Мөн Беларус болон Монгол Улсын засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын гал унтраах чиглэлийн автомашин тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжих шатандаа явж байна. Энэ төсөл хэрэгжиж эхэлвэл 15.5 сая төгрөгийн өртөг бүхий техникээр Онцгой байдлын газар хүчин чадлаа нэмнэ гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас алсдагдсан сум сууринд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, алслагдсан газарт гарж буй иргэдийн дуудлагад түргэн шуурхай очих бололцоог нэмэх зорилгоор Онцгой байдлын ангийг шинээр байгуулж эхэлсэн. Үүнд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Тариалан, Дорнод аймгийн Баян-Уул зэрэг сумдад шинээр байгуулж, хүч хэрэгслийг томиллоо. Түймрийн нөхцөл байдал хүндэрч, техник хүрэхгүй тохиолдолд зэвсэгт хүчний анги байгууллага, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагыг татан оролцуулах хууль эрх зүйн зохицуулалт байдаг. 2017 онд 49 гал унтраах анги байсан бол Засгийн газрын тогтоол гарч эрэн хайх, аврах салбар байгуулсан. Нийтдээ Онцгой байдлын байгууллагын хэмжээнд гал унтраах түймэр, унтраах анги гэхэд 67 болсон.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин