Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 10-15 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун зүгийн нутгийн баруун, 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

1. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дарь-Эх”-ийн 10 дугаар гудамжийн 1010 тоотод иргэн Б-ийн 91-66 УБР улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.12-ны өдрийн 05:25 цагт Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг 9 дүгээр цэцэрлэгийн уурын зуухны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.11-ний өдрийн 10:40 цагт Аврах, гал унтраах 43 дугаар ангийн 8 албан хаагч,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн 88 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Г-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.12-ны өдрийн 00:26 цагт /00:35 цагт/ тус тус хүлээн авсан. Аврах, гал унтраах 37 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

2.9.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 7 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 10 тохиолдол үргэлжилж байна. Үүнд: Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Булган аймгийн Баян-Агт, Рашаант, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүүлийн тохиолдол:

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмийг тус тус тогтоогдсон.

ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ.

scroll to top