Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон цас багатай энгэр газраар 4-9 градус, бусад нутгаар 1-6 дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 4-нд нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт иргэн Б, иргэн З нарын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний 08:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн  6 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 08:45 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн “Рашаан толгой” гэдэг газарт 10×10 метрийн хэмжээтэй байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 43 дугаар  ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 09:28 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд иргэн О-гийн эзэмшлийн ”Простер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 15:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:18 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Тэмээн хүзүү” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд  зүгт 45км-т, N 50002I46.41II, E 106025I07.79II/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 65 км замыг туулан 19:15 цагт очиж, 21:15 цагт түймрийн тархалтыг зогсоон ажиллаж байна. Ойн түймэрт 3 га талбай шатсан.

4.Үйлдвэрлэлийн осол:

Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 трактор шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг  эсэн мэнд 16:05 цагт гаргасан бөгөөд шороонд дарагдаж нас барсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн  КАТ-374Д загварын эксковатор, КАТ-Д-8-Т загварын бульдозерийг гаргахаар Үндэсний Аврах бригадын 36 алба хаагч, Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 50 албан хаагч, Заамар сумын ЗДТГ-ын 5 албан хаагч, МХЕГ-ын 10 албан хаагч, нийт 105 хүн, 12 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. 03.01-ний өдөр ослын газрын N 48020I24.2II, E 104036I57.8II солибилцолд осолдсон хүн, техникийг татаж гаргах, уурхайн гүнд тогтсон усыг соруулахаар 250 м3 ус соруулах хүчин чадалтай 2ш хөөрөг, 310 м3 ус соруулах хүчин чадалтай 1ш хөөрөг, 1200 м3 ус соруулах хүчин чадалтай 1ш ус сорох хөөрөгийг байрлуулан, ус соруулах хоолойнуудыг холбох, нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү очих зам тавих ажил хийгдэж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр 4 Аврагч-Усчин 4 метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:48 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зогсоосон. 03.02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх, аврах ажиллагааг дахин эхлүүлнэ.

5.Аюулт үзэгдлийн талаар:

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн ”Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 24 км-т, Ө-46053’00”, У-93087’00”/ 03.02-ны өдрийн 03:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:55 цагт утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч дарга Т.Болд, сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээ нартай холбогдож тодруулахад тухайн газар айл байхгүй, газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top