Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлэв

J1A0546.jpg

Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.

  Тэмцээнд НОБГ-ын анги, байгууллагын нийт 15 багийн 160  гаруй тамирчин оролцож,  жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байрт ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги,  хоёрдугаар байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нэгдүгээр байрт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р анги тус тус шалгарлаа.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги нь 2015, 2016 онд хошой мөнгө, 2017 онд хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил аваргын алтан медаль хүртэж, шилжин явах цом эзэн болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top