Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус, говь талын нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5, 8-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 6-7-нд ихэнх нутгаар дулаан, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Улиастайн гудамжинд хашаа, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:40 цагт очиж, 3 портер автомашин задгай өвс, хашаа шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:30 цагт очиж, 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн 4 дүгээр хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 01:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 01:18 цагт очиж, 5х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 21:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 21:37 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн “Верна” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Ланз” багийн “Жаргалант” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км, аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 11 хүн, 2 автомашин, нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:45 цагт цурманд оруулж, 20:30 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 4.8 га талбай шатсан.
4.Үйлдвэрлэлийн осол:
Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.03-ны өдөр 1200 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг, 350 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг, нийт 2 хөөрөг нэмж суурилуулсан. Эхний ээлжийн усны хөөрөг, усны хоолойн холболт (1200 метр) болон зам тавих, далан босгох ажиллагаа дуусгаж, нурангид дарагдсан бульдозерт 3 удаагийн холболтыг хийж татан гаргах ажиллагааг хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:40 цагт түр зогсоосон. Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, ҮАБ-ын 25 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашин, Мэргэжлийн хяналтын 7 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 115 ажилтан, 16 техник, 6 ширхэг ус соруулах хөөрөг, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, 1 автомашин, нийт 171 хүн, 32 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР