Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос 7-12 м/с, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон  Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 6-7-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Баянбулагийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 05:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 3 автомашинтай 18 км зам туулан 06:06 цагт очиж 4 цаг 20 минут ажиллаж, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч, 3 автомашинтай 6 км зам туулан 06:41 цагт очиж 30 минут тус тус ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр  ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 17:50 цагт очиж 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 11:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.2 км зам туулан 11:04 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар  багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн “Задгай”-д хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 12:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 4 км зам туулан 13:03 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн хашаанд хураалттай 200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 17 км зам туулан 15:10 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 18:22 цагт очиж 4 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг, химийн бодисын осол:

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд зоогийн газрын байрнаас химийн бодис үнэртэж байгаа тухай мэдээллийг 03.04-ний өдрийн 20:09 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Хими, цацраг, бактерологи хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Мөнхтулга, Гамшиг судлалын хүрээлэнгийн Химич судлаач, дэслэгч Б.Ариунтунгалаг, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Г.Батзориг, Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 21:40 цагт “ХМ-7000”, “Газдек”, “Драйгер” зэрэг багажаар хэмжилт хийхэд химийн бодис илрээгүй тухай мэдээллийг ахлах дэслэгч Ш.Мөнхтулга 21:49 цагт мэдээлсэн.

4.Үйлдвэрлэлийн осол:

Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/  “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.03-ны өдөр 1200 м3  ус татах хүчин чадалтай 1 ширхэг, 350 м3  ус  татах хүчин чадалтай 1 ширхэг нийт 2 хөөрөг нэмж суурилуулсан. Эхний ээлжийн усны хөөрөг, усны хоолойн холболт (1200 метр) болон зам тавих, далан босгох ажиллагаа дуусгаж, нурангид дарагдсан бульдозерт 3 удаагийн холболтыг хийж татан гаргах ажиллагааг хийж  үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:40 цагт түр зогсоосон. 03.04-ний өдөр 1200 м3 ус татах хүчин чадалтай 2 ширхэг, 350 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг усан хөөрөг нэмж нийт 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 50100 м3 ус соруулан 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд  5 удаа шумбалт хийн талбайн зүүн урд хэсгийн мөсийг эксковатораар цэвэрлэн шороог ухаж, мөн зайрмагтсан мөсийг хагалж тэмтрүүл ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон бөгөөд 03.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. Усны түвшин 1-3 метр гүн байна. Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, ҮАБ-ын 25 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашин,  Мэргэжлийн хяналтын 7 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 115 ажилтан, 16 техник, 9 ширхэг ус соруулах хөөрөг, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, 1 автомашин, нийт 171 хүн, 35 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт 9 давхар угсармал байрны 4 давхрын тагтаас бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Дөлгөөн /6 настай, эрэгтэй/ нь өргөтгөлийн 2 давхар байрны дээвэр дээр унаж гэмтсэн байсан тул 11:57 цагт эсэн мэнд буулгаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Энгэр шанд”-ын “Задгай”-д жалга руу суудлын автомашин унах гэж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 20:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б-гийн эзэмшлийн “Приус-20” загварын автомашиныг 21:10 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top