Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газар болон Даргангын тал нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 7,10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 7-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд эзэн тодорхойгүй 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 12 метр хашаа, 5 ханатай гэр, 0.7 га талбайн хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 14:06 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 14:34 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:06 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багт иргэн Б-гийн эзэмшлийн 5х8 метрийн хэмжээтэй цайны газрын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 24 км замыг туулан 19:51 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол:
Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.03-ны өдөр 1200 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг, 350 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг нийт 2 хөөрөг нэмж суурилуулсан. Эхний ээлжийн усны хөөрөг, усны хоолойн холболт (1200 метр) болон зам тавих, далан босгох ажиллагаа дуусгаж, нурангид дарагдсан бульдозерт 3 удаагийн холболтыг хийж татан гаргах ажиллагааг хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:40 цагт түр зогсоосон. 03.04-ний өдөр 1200 м3 ус татах хүчин чадалтай 2 ширхэг, 350 м3 ус татах хүчин чадалтай 1 ширхэг усан хөөрөг нэмж нийт 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 50100 м3 ус соруулан 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд 5 удаа шумбалт хийн талбайн зүүн урд хэсгийн мөсийг эксковатораар цэвэрлэн шороог ухаж, мөн зайрмагтсан мөсийг хагалж тэмтрүүл ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 03.05-ны өдөр 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 120,055 м3 ус соруулан, 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд усны түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй байна. Үндэсний аврах бригадын 3 аврагч 9 удаа 1-2,5 метрийн гүнд шумбалт хийсэн. Мөн завь ашиглан карьерийн 1364 м2 талбайн зайрмагдсан мөсийг хагалж зөөвөрлөн, тэмтрүүл ашиглан эрэн хайх ажиллагаа явуулсан. Нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухах, зөөвөрлөх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагаанд шөнөдөө 2 цаг тутамд 3 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна. Ослын голомтод ОБЕГ-ын 7 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, Прокурорын газрын 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 4 алба хаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 7 албан хаагч, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 178 ажилтан, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, нийт 242 хүн, 38 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн хойд ууланд 02.26-ны өдрийн 13:40 цагийн үед хүн төөрсөн гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 20 алба хаагч, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 60 алба хаагч, нийт 80 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр 03.05-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт тус зуслангаас 5 км-т “Гонгор” хайрхан гэдэг газраас Увс аймгийн харьяат иргэн Г /32 настай, эрэгтэй/ амиа хорлосон байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 100 метрт /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ эрэгтэй хүний цогцос голын мөсөнд наалдсан байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 13:45 цагт очиж, 39 минут ажиллаж, тус сумын харьяат иргэн Э /24 настай, эрэгтэй/-ын цогцсыг мөснөөс салгаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд дулаан дамжуулах шугамын 3 метр гүн худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 20:55 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР