Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх сургалтын нээлт боллоо

IMG9774.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас ХСИС-ийн Онцгой байдлын сургуультай  хамтран Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцож, хэлсэн үгэндээ,  “Гамшгийн эрсдэлийн менежмент гэдэг өргөн цар хүрээтэй ойлголт. Аливаа гамшиг ослыг тохиолдохоос нь өмнө эрсдэлийг зөв оновчтой, үнэлэх, түүнд тохирсон эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч төлөвлөснөөр аюулгүй, эрсдэлгүй орчинд амьдрах иргэний эрхийг хамгаалах юм.

Дэлхий дахинд 2015 онд гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөрийг батлан гаргаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өнгөрсөн онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран амжилттай зохион байгуулж, 3500 төлөөлөгчид Монгол Улсад хуран чуулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлан гаргасан.

Эдгээр бодлого зорилтуудыг та бүхэн хэрэгжүүлж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Сургалтын 45 хоногийн хугацаанд, газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх, үерийн болон ой хээрийн түймэр, химийн ослын зэрэг олон эрсдэлийн үнэлгээг хийх аргачлалд суралцаж, үйлдвэрийн дадлагыг өндөр эрсдэл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад хийнэ. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.

 Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх сургалт нь Онцгой байдлын байгууллагаас анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд сургуулийн хөтөлбөрийг амжилттай төгссөн төгсөгчид төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагад эрсдэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах юм.

 Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадын уялдаа холбоог хангаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top