З.Гүррагчаа: Дахиад хөрсний нуралт үүсч мэдэх хүнд нөхцлийг мэдэж байсан ч бүгд ажил үүргээ нэн тэргүүнд тавьсан

15522235465c850d3a8ade1.jpg

Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ес хоногийн турш ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн аврагчдын алдрыг хүн бүр шагшин магтаж байна.

Тэгэхээс ч өөр аргагүй юм. Тэд хөрсний нуралт үүсч, хүний амь эрсдэх магадлал өндөртэй аюултай нөхцөлд амь насаараа дэнчин тавьж ажилласны хүчинд нурангид дарагдсан дөрвөн иргэний цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

Тиймээс бид энэ удаагийнхаа ярилцлагын булангийн зочноор мөстэй хүйтэн усан дотор, эрсдэлтэй хүнд нөхцөлд олон хоног ажиллан үүргээ амжилттай гүйцэтгэсэн ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлах, ахлагч З.Гүррагчааг урьж, цөөн хором ярилцлаа. 

-Эрсдэлтэй, хүнд нөхцөлд есөн хоног үүрэг гүйцэтгэлээ. Олон удаагийн шумбалт хийсэн гэсэн. Хамгийн хэцүү зүйл нь юу байв?

-Бид ес хоногийн турш дахиад хөрсний нуралт үүсч мэдэх эрсдэлтэй, том том мөс хөвсөн, үзэгдэх орчин огт байхгүй, маш их хүйтэн нөхцөлд ажилласан. Тэр ч утгаараа энэ удаагийн ажиллагаа урьд өмнө нь гүйцэтгэж байсан ажиллагаануудаас хамгийн хэцүү, хүнд нь байлаа.

-Хасах хэмийн хүйтэнд мөстэй усан дотор 9 хоног эрлийн ажиллагаа явуулсан гэхээр наад зах нь ханиад хүрч, хоолой өвдөхөөс эхлээд олон эрсдэл байсан байх?

-Байнга нойтон шавар дээр, хүйтэн усан дотор ажиллаж байсан учраас ханиад хүрч, хоолой  нь өвдсөн хүмүүс цөөнгүй байсан. Мөн шумбагчдын хувьд шороотой ус залгиж, шороотой усаар амьсгалж байсан. Шороотой ус залгина гэдэг эрүүл мэндийн хувьд маш ноцтой асуудал.

-Усны хувцас, техник хэрэгсэл хүрэлцээтэй байсан уу?

-Хувцас техник хэрэгслийн хувьд нэг үеэ бодвол хангалттай болсон. Гэхдээ яг хүн бүрт хүрэлцээтэй юу гэвэл бас үгүй. Нэг шумбагч ороод 30 минут шумбачихаад гараад ирэхээр дараагийн шумбагч нь нойтон хувцсыг нь сольж өмсөөд ордог.  Мөн саяны нөхцөл байдалд бохир усанд ажиллахад, гүний шумбалтын төхөөрөмж гацах, хөлдөх гэх мэт хүндрэлтэй тохиолдолд гарч байсан. 

-Ажиллагаа явуулж байхад дахиад нуралт үүссэн бол амьд гарах ямар ч боломжгүй нөхцөл байдалд ажиллаж байсан гэж сонссон?

-Хэрвээ ямар нэгэн байдлаар дахиад нуранги үүссэн бол тэндээс амьд үлдэх магадлал тун бага байсан. Хэдий хурдан гүйлээ ч гэсэн 70-80 метрийн гүн цооногоос гүйж гарч амжихгүй, бүгд дарагдах эрсдэлтэй байсан. Тэр нөхцөл байдлыг хүн болгон мэдэж байсан ч хүлээсэн үүргээ биелүүлэх нь нэн тэргүүнд байсан.  

-Хэдэн метрийн гүнд шумбалт хийсэн бэ?

-Нуурын гүний хувьд тийм ч гүн байгаагүй. Ойролцоогоор таван метр орчим л байсан. 

-Ингэхэд энэ их эрсдэлтэй ажлыг яагаад сонгох болов. Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ?

-Би бусад хүмүүс шиг баатарлаг үйл хийнэ гэж мөрөөдөж аврагч болоогүй. Анх Улаанбаатарт сургуульд сурах гэж орж ирээд айлд амьдардаг байсан. Тэгээд ажил хиймээр санагдаад анх энэ албанд орж байлаа. Одоо 15 жил болж байна. 

 -Сэтгэлд тань хамгийн тодоор бичигдэж үлдсэн аврах ажиллагаа юу байв?

-2008 оны долдугаар сарын нэгэнд бид нар бэлэн байдал зарлачихсан байсан. Тухайн үед Говь-Алтай аймгийн усан цахилгаан станцын нууранд таван хүн осолдчихлоо гэсэн дуудлага ирсэн. Тэр дуудлагын дагуу газар дээр нь очиж ажилласан. Албандаа ороод удаагүй байсан учраас очоод усанд сэлж, шумбаад л хүн авраад байх юм бодсон. Гэтэл нөхцөл байдал шал өөр байсан. Осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн ирчихсэн. Бид нарыг ирээд л олж өгнө гээд итгэчихсэн хүлээж байсан. Тэгээд л чадахгүй бол яана аа гээд айж эхэлсэн. Тухайн үед ахалж явсан бүлгийн дарга ахлагч нар маань айж сандрах шаардлагагүй. Бид нар хийх ёстой ажлаа л хийнэ гэсэн. Тэгээд эрлийн ажиллагаа 2, 3 хоног үргэлжилсний эцэст хүмүүсийг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгч байсан. Тэр л хамгийн тод санагдаж байна даа. 

-Шантрах үе байв уу?

-Шантрах үе байгаагүй гэж хэлэхгүй ээ. Зөндөө байсан. Түймрээ дагаж явсаар байгаад машин техник очих боломжгүй газарт очно. Өлсөнө, ядарна. Хамгийн анх Хэнтийн Батширээт рүү түймэрт явж байсан. Ах нарыг дагаад хүнд ус үүрээд аранзаа үүрээд өндөр уул руу мацаж байхдаа яагаад би ийм хүнд хэцүү ажилд орчихов доо. Буцаж анги дээрээ очоод ажлаасаа гарна даа гээд бодоод явж байсан. Харин түймрээ унтрааж, орон нутгийнханд нь хүлээлгэж өгчихөөд буцаж байхдаа маш том ажлын ард гарсанаа ойлгосон.  Өөрөөрөө бахархаж, дахиад ажиллах урам зориг авсан.

-Амь өрссөн ажиллагаанд олон явж байсан гэсэн. Ингээд л үхдэг юм байж гэж бодогдох үе байв уу?

-Би одоо ингээд л үхлээ дээ гэж бодож байсан үе бий. Баян-өлгийн Ховд гол руу шумбаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байхдаа ус руу унасан модонд орооцолдчихсон. Маш түргэн урсгалтай гол учраас олсоо тайлж чадахгүй, зуултуур маань гацчихсан. Тухайн үед би ингээд гарч чадахгүй үхчихвэл яана аа гээд их айж байсан. Энэ мэт амь өрссөн. Хэцүү зүйл олон тохиолддог.

-Тухайн үед яаж амьд гарч чадсан бэ?

-Хамт ажиллаж байсан хүмүүс маань гялс олсоо тасалсан учраас цаагуур нь хөвөөд гараад ирсэн. Хэрэв тэд мэдэхгүй дээрээс нь татаад л байсан бол тэндээ гацаад үхэх байсан байх.

Эх сурвалж: zaluu.com

scroll to top