Аврагчид: Нүдэндээ итгэлийн “цог” тээх олны харц биднийг хурцалдаг

1.png

Гал, уснаас эхлээд байгалийн ямар ч гамшгийг сөрөн бусдын төлөө ажилладаг хүмүүс бол онцгой байдлын аврагчид. Тэд өөрсдийн амиа үл хайрлан өргөсөн тангарагынхаа төлөө зүтгэдэг хүмүүс. Өнгөрсөн хоногуудад ч уурхайн нурангид дарагдсан хүмүүсийн цогцсыг хайж аврагчид мөстэй усанд арав хоносон билээ.

Ослын голомтод УУАА-иас 10 алба хаагч очсон байна. Аврагчдыг уурхайд очиход ослын нөхцөл байдал нэлээд хүнд байсныг албаныхан ярьж байсан юм. Тэд хөрс дахин нурах эрсдэлтэй, аюултай нөхцөлд аврах ажиллагааг 8 шөнө, 9 өдөр гүйцэтгэсэн. Ажил үүрэгтээ эзэн нь байж, амь биеэ үл хайрлах аврагчдын зүтгэлийг үнэлсэн, сайшаан магтсан иргэдийн сэтгэгдэл цахим орчноор хөвөрсөөр байгаа юм.

Эдгээр аврагчид бүгд өөрсдийн хүсэл мөрөөдлөөр мэргэжлээ сонгосон гэлээ. Эрдэнэт хүний алтан амийг аврах АВРАГЧ ах нараар хүүхэд байхаасаа л бахархаж ирсэн байна. Баатарлаг үйлс бүтээх багын мөрөөдлөө биелүүлсэн хэмээн аврагчид бахархан ярина.

Уул уурхайн аврах анги 4 бүлэгтэй. 24/72 цагаар ээлжлэн ажилладаг байна. Уул уурхайн аврах ажиллагааг гүйцэтгэдэг улсдаа ганцхан анги юм. Байнгын бэлтгэлтэй, байдаг. Сэтгэл санааны хувьд ч өндөр бэлтгэгдсэн. Ажиллах орчин амаргүй, агааргүй орчноос гарч ирээд цээж дүүрэн амьсгалах мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй хэмээсэн юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдад амьдрал бэлэглэх мөч аврагч мэргэжлийн үнэ цэнийг илтгэнэ хэмээн ярьж байсан юм.

  Аврагчид иржээ хэмээн нүдэндээ итгэл найдварын “цог” тээх олны нүд бидэнд урам зориг өгдөг хэмээн тэд ярьж байлаа.

Эх сурвалж: TV5.mn

 

scroll to top