Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүртэл ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  говийн бүс  нутгаар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с.  4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с, 17,18-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 6х6 метрийн хэмжээтэй 8 нэрийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 06:10 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хоолт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 56 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 56 км замыг туулан 19:44 цагт очиж, 05 цаг 24 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт 7х4 метрийн хэмжээтэй байшингийн хана, тааз шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 19:40 цагт очиж, 29 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Мухарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, Хатгал тосгоноос баруун урд зүгт 30 км-т/ малчин Н-ийн хаваржааны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 9 алба хаагч, 1 автомашинтайгаар 30 км замыг туулан, 12:05 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд тус сумын харьяат иргэн О.Өлзийдэмбэрэл /28 настай, эрэгтэй/ 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01:56 цагт шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2018.12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 2018.12.12-ны өдөр хүртэл “Эг” голын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсныг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2019.03.12-ны өдрийн 10:30 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 10 хүн, 3 автомашинтай, 1 завьтай, 03.13-ны өдөр “Далайн хоолой”-оос “Эгийн голын гүүрний-Ам” хүртэл голоор завьтай 3 км урсаж, “Эгийн голын гүүрний-Ам”-аас “Нуурын босго” хүртэл  явганаар 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт зогсоосон. 03.14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багт иргэн О /30 настай, эмэгтэй/ 03.10-ны өдрийн 20:00 цагаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 6 албан хаагч, ар гэрийн 17 иргэн, орон нутгийн 20 иргэн, нийт 50 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр 03.13-ны өдөр 5 бүлэгт хуваагдан Шивээ-Овоо, Доод захын нарийн жалга, Дунд захын нарийн жалга, Дээд захын нарийн жалга, Хүрэн толгой, Хадан хошуу, Хавцгай булаг, Хавцгай булагийн даваа, Хадан хошууны даваа, Цоохор дэнж, Зүүн-Улаан, Бөөрөлжүүт, Өргөн дов, Сайр, Зүүнбаян-Улаан сумын Эмт багийн Хуст зэрэг газруудаар 30 километрийн тойрогт явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:50 цагт зогсоосон. 03.14-ний өдөр сумын Онцгой комисс 09:00 цагт хуралдаж шийдвэр гаргана.

Голын мөс цөмөрсөн: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Нугасан тохой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ иргэн Н-ийн жолоодож явсан Клугер загварын суудлын автомашин Хараа голоор зорчиж яваад голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 14:40 цагт очиж, 05 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top