Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Монгол Алтайн уулсаар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 11:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 11:28 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Э /12 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, гаднаас нь цоожилж явсан байсан/ угаартсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Тухайн хүүхэд эмнэлэгт хүргэгдсэний дараа  нас барсан./

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:39 цагт очиж, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйлдвэрийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 14:45 цагт очиж, тус байгууллагын агуулахын үүдэнд арьс, ширний хаягдал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 22:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 22:22 цагт очиж, иргэн С-ийн эзэмшлийн “Ланд 80” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 21:03 цагт очиж, иргэн О-гийн 5 ханатай гэр, иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 22:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 22:51 цагт очиж, иргэн Б-гийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top