Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ.   Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор орчмоор 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21, 24-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 23-наас ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Хар ямаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 16:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 7 ажилтан, 2 автомашин, нийт 15 хүн, 3 автомашинтай 17 км замыг туулан 17:30 цагт очиж, 5 цаг 10 минут ажиллаж бүрэн унтраасан.

Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 23:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 23:37 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Г /2 настай, эмэгтэй/ галд өртөж нас барсан. Б /45 настай, эрэгтэй, согтуу/ гар, нуруу хэсгээрээ, Т /6 настай, эрэгтэй/ гар, цээж хэсгээрээ түлэгдсэн байсныг Эмнэлгийн болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газарт /“Төгөл” амралтын газраас зүүн хойд зүгт 3 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 15:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 23 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 3 алба хаагч, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, нийт 38 алба хаагч, 7 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:20 цагт цурманд оруулж, 03.19-ний өдрийн 16:50 цагт бүрэн унтрааж тус дүүргийн Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 4 га талбай шатсан/

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top