Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Дархан-Уул, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Түмэн шувуут” ХХК-ийн сав баглаа боодлын үйлдвэрийн уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 13:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км замыг туулан 13:11 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 09:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 09:51 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 2 давхар байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 11:21 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:27 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд 6х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 20:08 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 20:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидын задгайд 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 00:35 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар-Усан тохойн Задгайд эзэн нь тодорхойгүй 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 00:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 00:35 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт 7х8, 4х6, 4х4 метрийн хэмжээтэй байшингууд шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 03:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3,5 км зам туулан, 03:10 цагт очиход  гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлтээр 16 алба хаагч, 1 автомашинтай 3,5 км замыг туулан 03:37 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хар цохио” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 4 км-т/ Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд Улаанбаатар хотын харьяат иргэн С /45 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож, автомашины эд ангид хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 13 алба хаагч 1 автомашинтай 4 км зам туулан, 16:56 цагт очиж, 02 цаг ажиллаж, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top