Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 11:26 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Яргайтын зуслан”-гийн задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:42 цагт очиж, тус зуслангийн задгайд эзэн тодорхойгүй 4х5 метрийн хэмжээтэй байшингийн бүрэн шатаж, 1.5 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэр дээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай нэмэлтээр очиж, 20 минут ажилласан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт иргэн Б-гийн эзэмшлийн “Верна” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 13:52 цагт очиж, автомашины багажны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 15:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:15 цагт очиж, 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багт иргэн Б-гийн түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 15:31 цагт очиж, 2 портер автомашинтай түлээниий мод шатаж байсныг 40 минут ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн “Бумбатын хар хошууны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Баянхонгор сумаас Шаргалжуут баг руу зорчиж явсан иргэн И-гийн эзэмшлийн “СиАрВи” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ “Шаргалжуутын гол”-ын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, дэслэгч Д.Даваасүрэнгээр ахлуулсан 4 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 04:20 цагт очиж, 20 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top