Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зүүн зүгийн нутгаар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Обьектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 4  дуудлагатай байлаа. Үүнд:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг “Тээвэр дархан” ХХК-ийн шинээр баригдсан худалдааны төвийн барилгад эрүүл ахуйн эмчийн өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.18-ны өдрийн 10:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Өгөөмөрийн 15 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Б-н хүнсний дэлгүүрийн барилга шатаж улмаар 6 тоотод иргэн Б, 7 тоотод иргэн С нарийн хүнсний дэлгүүрийн барилгад тархан  шатсан тухай дуудлагыг 2015.01.18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, Орон нутгийн 130 иргэн,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хийд”-ийн  15 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-н автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.15-ны өдрийн 11:23 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 5 албан хаагч ажиллаж унтраасан.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 8 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 16, 1 аймгийн 1 сумын нутагт хонины “Цэцэг” өвчний 1, нийт 9 аймгийн 15 сумын нутагт 17 тохиолдол үргэлжилж байна.

Сүүлийн тохиолдол:

Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг “Булдрууны энгэр” гэдэг газар малчин Р-н 1 үхэр /2014.12.27/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага хааны-Өвөр” гэдэг газар малчин Г-н 1 морь /2015.01.05/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хусны халх” гэдэг газар иргэн Б-н хотонд /2014.12.30/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн малчин А, Э нарын хотонд 1 үхэр /2015.01.09/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр /2015.01.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд Галзуу өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-ийн хотонд /2015.01.12/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар ”Галзуу” өвчин болох нь;

Дундговь Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр, 1 ямаа /2015.01.11/, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр /2015.01.15/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14, 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох:

Говь-Алтай аймгийн Цээл сумын  Зэгст багийн нутаг  “Шээрийн гол”-ын хаданд өвөлжиж байгаа малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр эзэн рүүгээ дайрсныг буудаж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Эрэн, хайх аврах ажиллагаа:

Булган аймгийн Хангал сумын нутаг “Хангал” голын халиа урсаж 4 дүгээр багийн “Цулхар” хорооны Гахайн байрны 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн Д-н, 2 тоотод иргэн А нарын хашаа, гэр лүү ус орох гээд байна гэсэн дуудлагыг 2015.01.17-ны өдрийн 19:13 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 17 алба хаагч, ажиллаж мөсийг хөрөөдөж 60 метр шуудуу татаж усыг зайлуулсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top