Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ажлаа хүлээн авмагцаа 2014 онд зарим аймгуудад гарсан байгалийн аюулт үзэгдэл, мал, амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах нийт 866,4 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шуурхай шийдвэрлүүлээд байна.
Тодруулбал, Сүхбаатар аймагт өнгөрсөн оны намар гарсан хээрийн түймэр, Ховд аймгийн Дарви суманд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр орон гэргүй болсон айлуудад улсын нөөцөөс гэр олгож, нөхөн бүрдүүлэхээр болжээ.
Мөн Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд гарсан гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан гахайн нөхөн төлбөрт 132,9 сая, 2014 онд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд 649,4 сая төгрөгийг олгохоор болж, дээрх хөрөнгийг холбогдох аймаг, орон нутагт нь сар шинийн баяраас өмнө олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Дашрамд дурдахад Улсын онцгой комисс 2014 онд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдсан нийт 11,8 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Засгийн газрын нөөц сангаас гаргуулжээ.