Монгол Улс газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах мэдээллийн иж бүрэн тогтолцоотой боллоо. Системийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийг суурилуулан байршуулах “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” нэртэй Монгол, Солонгосын хамтарсан төслийн эхний шатны хаалтын ажиллагаа ОБЕГ-т болов. Энэ төслөөр газар хөдлөлт, бусад аюулыг эрт зарлан мэдээлэх Улаанбаатар, хөдөө орон нутаг, төрийн байгууллагууд, үүрэн телефон, хэвлэл мэдээлэл гэсэн иж бүрэн тогтолцоо бүрдэж байна. Энэ бол гамшгийн мэдээлэл өгөх, боловсруулах, удирдлагын, холбооны гэсэн орчин үеийн хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил бүхий мэдээллийн сүлжээ юм.
Төслийн гүйцэтгэгч нь БНСУ-ын “Корей Телеком” корпораци, A&D компани, хэрэгжүүлэгч ОБЕГ, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Одон орон геофизик судалгааны төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлага оролцсон хаалтын ажиллагааны үеэр ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Бадрал, энэхүү сүлжээ Монгол Улс гамшиг ослоос сэргийлэх дэлхийн стандартад нийцсэн томохон алхам болохыг дурдаад, цаашид найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай арга хэмжээг дөрвөн чиглэлээр багцлан санал тавьсан. БНСУ-ын “Корей телеком” корпорацийн гадаад албаны менежер Хан Жун Чой тоног төхөөрөмжийг суурилуулах нэг хэрэг. Харин чанарын баталгааг хангах, үйл ажиллагаа эхэлж байна гэдэг нь бидний хамтын ажиллагаа дуусч буй биш дахин эхэлж байна гэдгийг онцолсон.
Уг сүлжээ нь дөрвөн аймгийн долоон сумын 12 цэг, Улаанбаатарт 60 цамхаг, 115 байгууллага, аж ахуйн нэгж, дээрх төрийн байгууллагууд, гурван телевиз, есөн FM радио, үүрэн телефон холбосон мэдээллийг чиглэл чиглэлээр дамжуулах хүчин чадалтай юм.