Монгол түмний сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2015 оны 02 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 2716 албан хаагч 908 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалан ажиллалаа.
Сар шинийн баярын өдрүүдэд, тухайлбал 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод цас орж, цасан шуурга шуурч улсын болон орон нутгийн чанартай зарим зам, даваа хаагдаж, иргэд цасанд боогдов.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус цаг уур, орчны хүрээлэнгээс боловсруулсан “Дохио”, “Харанга” зэрэглэлтэй цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг үндэслэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим аймаг, хот хоорондын автозамын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан.
Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тушаалаар Улаанбаатар хот-Дархан-Уул аймаг-Орхон аймаг-Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 02 дугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 02 дугаар сарын 21-ний өдрийн 07:00 цаг хүртэлх хугацаанд, Улаанбаатар хот-Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 02 дугаар сарын 21-ний өдрийн 07:00 цагаас 02 дугаар сарын 22-ны өдрийн 07:00 цаг хүртэлх хугацаанд тус тус хязгаарласан бөгөөд энэхүү шийдвэрийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комисст хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгууллаа.
Түүнчлэн Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч, цасан шуурга шуурах тул иргэдийг холын замд зорчихгүй байх тухай анхааруулга, Улаанбаатар хот-Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймгийн чиглэлд хоёр талын автозамын хөдөлгөөнийг хязгаарласан тухай Улсын онцгой комиссын шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зарлан мэдээлэх дуут дохиоллын 12 цамхагийн цахим самбараар олон удаагийн давтамжтайгаар явуулан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.