2015 ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСОЛ, УЧИРСАН ХОХИРОЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал:

Монгол улсын хэмжээнд нийт 929 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 23 хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж бэртэн 320 толгой мал, амьтан хорогдож, 2,9 сая төгрөгийн шууд хохирол учирсан.
Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 4108 хүн, 887 автомашин ажиллаж, 122 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 7,25 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдал болон орон нутгаас 26,7 сая төгрөг зарцуулсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр авч үзвэл:

1. Объектын гал түймэр

Улсын хэмжээнд 852 удаагийн объектын гал түймэр гарч, 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 18 хүн нас барж, 7 хүн түлэгдэж гэмтэн, 382 гэр орон сууц, 43 байшин барилга шатсан байна.

Гал түймрийн аюулаас 95 хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

2. Ой, хээрийн гал түймэр

Улсын хэмжээнд он гарсаар нийслэлийн Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорнод аймгийн 3 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 19 га ой, 7000 га хээр, нийт 7019 га талбай түймэрт өртөөд байна.

3. Хүчтэй салхи шуурга

8 аймгийн 10 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1 удаагийн хүчтэй салхи, шуурганы улмаас төөрсөн 11 хүнийг эсэн мэнд олсон. Шуурганы улмаас 78 толгой мал хорогдож, 12 гэр, байшингийн дээвэр эвдэрч нуран урьдчилан байдлаар 46,5 сая төгрөгийн хохирол учирсан байна. Шуурганд төөрсөн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, орон нутгийн иргэд нийт 40 хүн, 7 автомашин ажилласан.

4. Газар хөдлөлтийн чичирхийлэл

4 аймгийн 5 сумын нутагт 3,5 магнитутаас дээш хүчтэй 6 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Үүний улмаас аймаг, орон нутагт ямар нэгэн хохирол учраагүй.

5. Цэцэг

Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт 2 удаа гарч 25 толгой мал хорогдож, 40 мянган толгой малыг вакцинжуулсан.

6. Боом

Хөвсгөл, Архангай аймгийн нутагт 3 удаа гарч, 5 толгой мал хорогдсон.

7. Мал, амьтны халдварт галзуу өвчин

13 аймгийн 36 суманд 50 удаа гарч, 209 толгой мал, амьтан хорогдон 8,6 сая төгрөгийн хохирол учирсан. Хорогдсон мал, амьтдыг булж устган, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 13673 толгой малыг вакцинжуулсан. Голомтод 154 хүн, 36 техник ажиллаж, 4,7 сая төгрөгийн зардал гаргасан.

8. Үхрийн хорт салст хатуурал өвчин

Сэлэнгэ, Төв аймгийн 2 сумын нутагт 2 удаа гарч 2 толгой мал хорогдсон.

9. Бичил уурхай, нурангины осол

Төв аймаг, нийслэлийн нутагт 4 удаа осол гарсны улмаас 2 хүн бэртэж гэмтэн 4 хүн амь насаа алдсан. Ослын голомтод 58 албан хаагч, 8 автомашинтайгаар ажиллаж, 4 хүний амь насыг аварсан.

10. Усны осол

Ховд аймгийн 2 сумын нутагт мөс цөмөрсөн 3 удаагийн тохиолдлоор 1 хүн амь насаа алдаж, 12 хүнийг аварсан. Ослын голомтод Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, орон нутгаас нийт 39 хүн, 6 автомашин, техниктэйгээр ажилласан.

2

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

scroll to top