Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэд, төрийн тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллах санамж бичигт ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцлоо.
Төрийн орон сууцны корпораци нь нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 1, Буят-Ухаа 2 хорооллоос 2015 онд нийт 60 айлын орон сууцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилах юм байна.
Мөн Дархан-Уул, Увс, Архангай аймаг, Хэнтий аймгийн Бор-өндөр ,Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэнтий, Орхон, Ховд, Дорнод аймаг болон бусад сум орон нутагт Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр баригдах орон сууцны нийт сангийн 10-аас доошгүй хувийг тухайн орон нутгийн Онцгой Байдлын Ерөнхий Газрын харьяа төв, орон нутгийн анги байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилна.
Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газар нь орон сууцанд хамрагдсан төрийн тусгай албан хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөр болон орон сууцны бага хүүтэй зээлэнд хамруулж, үлдэгдэл төлбөрийг төлөх асуудлыг хариуцан Төрийн орон сууцны корпорациас тавьсан шаардлага, хугацаанд төлүүлэх, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа анги байгууллагын дэд бүтэц шийдвэрлэгдсэн эзэмшил газарт орон сууц барихад хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтарч ажиллах, төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэхэд туслах ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын материаллаг баазад тулгуурлан зохион байгуулж хамтран ажиллахаар тусгажээ.
Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын албаны 300 гаруй албан хаагч орон сууцаар хангагдах юм.
Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.06