Монгол Улсын ОБЕГ-ын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар хэлтсүүд, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газар, БНБУ-ын Иргэний хамгаалалт онцгой байдлын газар хоорондын 2015 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах ажлын уулзалт 2015 оны 03 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд БНБУ-ын Улан-Үдэ хотноо боллоо.
Ажлын уулзалтад, Монгол Улсын талаас, ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тэргүүтэй Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагууд, ОХУ-ын талаас, Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газраас, Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газрын дарга, хошууч генерал В.С.Михайлов, Бүгд Найрамдах Буриад Улсын Иргэний хамгаалалт, Онцгой байдлын газрын дарга Бушуев А.Г. нарын албаны хүмүүс оролцов.
Төлөөлөгчид Хиагт хотын Улсын гал эсэргүүцэх албаны 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар, БНБУ-ын Иргэний хамгаалалт онцгой байдлын газар хоорондын 2014 оны хамтын ажиллагааны биелэлт үр дүнгийн танилцуулга хийгдэж, 2015 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг ярилцан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ОХУ-ын ОБЯ-ны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газрын дарга хошууч генерал В.С.Михайлов нар үг хэлсэн юм.
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын 2015 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулж гарын үсэг зурсан байна.
БНБУ-ын Засгийн Газрын Дэд бүтцийн асуудал хариуцсан даргын орлогч Зубарев Н.М. хүлээн авч хил орчмын бүсийн аюулт үзэгдэлтэй тэмцэх салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон.
Төлөөлөгчид БНБУ-ын Эрэн хайх, аврах салбарт ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж, гал унтраах болон аврах ажиллагааны багаж зэвсэглэмж, байр, танхимтай танилцсан. Мөн Дорнод-Сибирийн технологийн их сургуулийн үйл ажиллгаатай танилцаж, тус сургуульд суралцаж буй монголын оюутнуудтай уулзалт зохион байгуулсан.
Ажлын уулзалтын үр дүнд “Монгол Улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хэлтэс, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газар, БНБУ-ын Иргэний хамгаалалт онцгой байдлын газар хоорондын 2015 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г батлав.
“Монгол Улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хэлтэс, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газар, БНБУ-ын Иргэний хамгаалалт онцгой байдлын газар хоорондын 2016 оны хамтран ажиллах төлөвлөгөө”-г батлах ажлын уулзалтыг 2016 оны 03 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар харилцан тохиролцсон.
Энэ удаагийн айлчлалын үр дүнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газартай хамтран ажиллах боломж бүрдэв.
Мөн Монгол Улсын Онцгой байдлын албаны албан хаагчдыг ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газарт 2015 оны 09 дүгээр сард мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар тохиролцлоо.